Хүннүгийн хааны хамгийн том булшийг хятадуудтай нийлж, хууль бусаар ухжээ

637

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт байх дэлхийд хамгийн том Хүннүгийн хааны булшийг хууль бусаар малтсан талаарх ноцтой мэдээлэл бидэнд ирсэн юм. Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Хүнүй голын хөвөөнд байх “Гол мод”, Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэр Хануй багийн нутагт байх “Гол мод II” зэрэг Хүннүгийн хаадын булшнаас хэд дахин том булшийг БСШУЯ-наас огт зөвшөөрөл авалгүйгээр Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатар тэргүүтэй археологичид хууль бусаар малтлага хийсэн гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодрууллаа. Тэрбээр “Хүннүгийн хааны булш, бунхан манай улсын нутаг дэвсгэрт бий. Манай улсаас өөр дэлхийн хаана ч Хүннүгийн үеийн булш бунхан одоогоор олдоогүй байна. Дэлхий нийтэд монголчуудын өвөг дээдэс нь Хүннүчүүд гэдгийг батлах маш олон баримт бүхий эд зүйлс олдож байна. Гэтэл өмнө нь олдсон хаадын булшнаас хэд дахин том булшинд манай улсын урдаа барьдаг археологичид хууль бусаар малтлага хийсэн байна лээ. Үүнээс үүдэн БСШУЯ, холбогдох байгууллагууд даяар бөөн асуудал үүсч байна. Хүннүгийн хаадын булшийг өмнө нь малтаж байсан Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатар тэргүүтэй манай эрдэмтэн судлаачид БСШУЯ-наас огт зөвшөөрөл аваагүй байсан. Тэгсэн мөртлөө Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимд сурдаг оюутны нэр дээр БНХАУ-ын судлаач эрдэмтэдтэй гэрээ байгуулчихсан байгаа юм. БНХАУ-аас хөрөнгө санхүүгийн асуудлыг бүрэн шийдүүлчихээд малтлагаа шууд эхэлчихсэн байсан. Үүнийг салбарын сайд, төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс мэдээд бөөн асуудал үүсээд байна. Ямар учраас холбогдох яам, ШУА-иас зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн гадны хөрөнгө оруулагчидтай, ялангуяа хятадуудтай хамтран малтлага хийх болсныг шалгахаар болсон. Гадаадын хөрөнгө оруулалтаар археологийн малтлага хийсэн тохиолдолд булшнаас гарсан эд зүйлсийг шинжилгээнд хамруулах нэрийдлээр хил давуулаад эргүүлж эх оронд нь авчирдаггүй байдал олон удаа гарч байсан. Манай эрдэмтний дотоодын компанийн хөрөнгө оруулалтаар малтсан булш гэхэд нэгдүгээр язгууртны булшны зүүн талын тал саран хэлбэрийн дагуул 27 булшнаас малтлага хийсэн. Булшнаас маш их алт эрдэнэс, долоон ширхэг сүйх тэрэг, дэлхийд нэн ховорт тооцогдох Ромын шилэн аяга хүртэл гарч ирсэн. Тэгвэл дээрх булшнаас хэд дахин том Хүннүгийн хааны язгууртны булшийг хятадуудтай хамтран малтлага хийж эхэлснийг олон эрдэмтэн эсэргүүцэж байгаа” гэв.

“ГОЛ МОД II” БУЛШНААС ОЛДСОН ЭД ЗҮЙЛС ХААНА БАЙНА ВЭ

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр 2001-2011 он хүртэл судалгаа шинжилгээ хийж, малтлага хийсэн “Гол мод II” булшнаас олдсон алт эрдэнэс, дэлхийд одоогоор зургаан ширхэг олдоод байгаа Ромын шилэн аяга гарч ирсэн байна. Хүннүгийн хааны сүйх тэргэнд хөллөж байсан адууны хөмөлдрөг, хударганы чимэглэлүүд байгаа аж. Энэ алтан чимэглэл дээр нэг эвэртэй, ирвэс толгойтой, хангарьд биетэй домгийн амьтныг дүрсэлсэн байгаа бол хоёр дугуй нь хосоороо лийр хэлбэрийн босоо дугуй дээр эр, эм хоёр ирвэс толгойтой домгийн амьтныг дүрсэлсэн гэнэ. Энэ бол хос эр, эм хоёр амьтны бэлгэдэл ер нь энэ булшнаас олдсон алт, мөнгө, хүрэл чимэглэлүүдийн аль алин дээр нь нэг эвэртэй амьтныг дүрсэлсэн байдаг аж. Өөр нэг хосгүй үнэт олдвор бол хаш эдлэл 12см дугуй голчтой хаш бол хаан, язгууртан хүний ташаа, бэл гоёлын зүйл байх боловч хааны сүр хүчийг илтгэсэн бэлгэдэлтэй юм байна. Хүннүгийн дагуул булшнаас гарсан тамгатай шагай гээд археологийн хосгүй үнэт олдворуудыг одоог хүртэл улсын төв музейд өгөөгүй байгааг эх сурвалж онцолж байв. Мөн алт, эрдэнэс, чимэглэл бүхий олдворууд хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. БСШУЯ, ШУА-ынханд Улаанбаатар их сургууль дээр олдворуудыг хадгалж байгаа гэх мэдээлэл өгдөг гэнэ. Ромын шилэн аяга гэх мэт дэлхийд нэн ховор тооцогдох хэдэн сая ам.доллароор үнэлэшгүй археологийн олдвор гэхэд Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатарын ажлын ширээний нүдэнд хадгалагдаж байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв ямар нэгэн байдлаар хулгайд алдлаа гэхэд хариуцах эзэн байхгүй гэсэн үг. Соёлын тухай хуулиар хосгүй үнэт ховор олдворыг малтлага хийж, илрүүлсэн тохиолдолд улсын музейд шууд өгөх ёстой аж.

Г.БАТЗОРИГ

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИНИ

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>