Коронавирус Хятадын лабораториос алдагдсаныг батлах “том баримт” байгаа тухай Майк Помпео ярьжээ
Covid-19 өвчнийг үүсгэгч шинэ коронавирус Хятадын Ухань хотын лабораториос алдагдсаныг батлах “том баримт” байгаа тухай АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр ABC News сувагт ярьжээ.
Гэхдээ тэр ярилцлагынхаа үеэр ямар нэг баримт дэлгээгүй байна. АНУ-ын тагнуулын байгууллагууд ч Ухань хотын лабораториос вирус алдагдсан гэх мэдээллийг батлаагүй байгаа юм.
Энэхүү ярилцлагын дараа Калифорнийн Их сургуулийн халдварт өвчин судлаач Жонна Мазет ийм боломж бараг байхгүйг хэвлэлд ярьжээ. Тэрээр Ухань хотын Вирологийн Хүрээлэнд ажиллаж байсан туршлагатай хүн юм.
Ухань хотын лаборатори нь Хятадад байдаг цорын ганц био аюулгүй байдлын дөрөвдүгээр зэрэглэлийн стандартыг хангасан байгууламж тул санамсаргүй байдлаар алдагдах магадлал тун бага гэж тэр ярьжээ.
Харин байгалийн гаралтай, зэрлэг ан амьтнаас хүнд халдварласан байх магадлал илүү өндөр гэж Мазет үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн шинэ коронавирусийг Хятадын лабораториос алдагдсан гэдэгт итгэлтэй байгаагаа ярьсан юм.
Гэтэл АНУ-ын тагнуулын албаны эх сурвалж коронавирус Ухань хотын лабораториос алдагдсаныг батлах ямар ч баримт олдоогүйг өнгөрсөн долоо хоногт Вашингтон Пост, Нью Йорк Таймс сонинуудад ярьжээ. Ийнхүү шинэ төрлийн коронавирусийн үүсэл гарлын талаар зөрүүтэй мэдэгдлүүд үргэлжилсээр байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Business Insider