​Технологийн тусламжтай Хятадад хулгайд алдсан хүүгээ 32 жилийн дараа олж уулзжээ

350

БНХАУ-ын цагдаагийн байгууллага царай таних технологийн тусламжтай 32 жилийн өмнө сураггүй алга болсон хүүг гэр бүлтэй нь уулзуулсан байна. Энэхүү сэтгэл хөдөлгөм мөчийг Хятадын төрийн мэдлийн “Xinhua” болон "CCTV" агентлаг даваа гаригт орон даяар шууд дамжуулсан юм.

Сураггүй алга болсон хүүгийн жинхэнэ нэрийг Мао Ин гэдэг бөгөөд 1988 онд түүнийг хоёр настай байхад нь Хятадын Шэньси мужийн Сиан хотод байх Жинлинг гэх зочид буудлын хүлээлгийн өрөөнөөс хулгайлжээ. Тухайн үед цагдаа нар улсын хэмжээнд хулгайлагдсан хүүг эрэн сурвалжилсан боловч үр дүнд хүрч чадалгүй мухардалд орсон байна.

Гэсэн ч Мао Иний эцэг эх 32 жилийн турш хүүгээ шантралгүй хайсан аж. Хулгайлагдсан хүүгийн ээж Ли Жиньжи ажлаасаа гарч 10 жилийн хугацаанд хоёр настай хүүгийнхээ зураг бүхий 100000 гаруй эрэн сурвалжлах хуудас тараасан байна. Хэдий тэрээр хүүгээ амьд гэдэгт итгэсээр байсан ч 10 жилийн хугацаанд хүү нь нэгэнт өсөж том болсон тул хоёр настай үеийнх нь зургаар эрлээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Тиймээс Ли Жиньжи сүүлийн 20 жилийн турш телевизийн нэвтрүүлгүүдэд оролцож, хүүхэд хулгайлах асуудлыг нийгмийн анхааралд өртүүлснээр Хятадын ард түмэнд танигдсан байна. Түүнтэй ижил хүүхдээ хулгайд алдаж, адилхан зовлон туулж буй мянган, мянган гэр бүлүүд холбогдох болсон тул тэрээр 2007 оноос эхлэн бусад эцэг эхчүүдтэй хамтран “Baobeihuijia” буюу “Үр минь гэртээ буцаад ир” гэх ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан байна. Зовлон нэгтэй эцэг эхчүүд бие биедээ тусалж энэ хугацаанд нийт 3000 гаруй гэр бүлийг дахин уулзуулсан ч одоог хүртэл алга болсон хүүхдээ хайсаар байгаа 51000 орчим гэр бүл байсны нэг нь Мао Иний эцэг эх байжээ.

Ли Жиньжи тавдугаар сарын 10-нд буюу Хятадын ээжүүдийн баярын өдөр цагдаагаас дуудлага хүлээн авчээ. Түүнтэй холбогдсон цагдаагийн албан хаагч түүнд ээжүүдийн баярын мэнд хүргээд 32 жилийн турш хайж байгаа хүүг нь олсон гэх гайхалтай мэдээг дуулгасан байна. Ли Жиньжи энэ талаар “Энэ бол миний амьдралдаа авсан хамгийн гайхамшигтай ээжүүдийн баярын бэлэг байлаа. 32 жилийн турш би нэг ч өдөр сэтгэл тайван сууж чадаагүй” гэжээ. Энэ хугацаанд тэрээр 300 гаруй удаа алга болсон хүүг нь оллоо гэх дуудлага хүлээн авч, тэгэх бүрдээ ДНХ-ын шинжилгээ хийлгэсэн ч нэг нь ч биш байжээ. Мөн эдгээрийн дунд хэд хэдэн хууран мэхлэгч байсан аж. Моа Инд ДНХ-ын шинжилгээ хийж баталгаажуулсан байна.

“Baobeihuijia” цахим орчинд хүчтэй хөдөлгөөн өрнүүлэх болсноор БНХАУ-ын Цагдаагийн байгууллагын анхааралд өртсөн байна. Ингээд цагдаа нар царай таних технологийн тусламжтай сураггүй алга болсон хүүхдүүдийг олох ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийх болжээ. Харамсалтай нь олон жилийн өмнө алга болсон хүүхдүүдийн царай өөрчлөгдсөөр тэднийг олоход бэрхшээлтэй болдог аж. Гэвч сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлийн ачаар олон жилийн өмнө алга болсон хүүхдийн царай өнөөдөр ямархуу болж өөрчлөгдсөн байж болохыг маш нарийвчлалтайгаар тодорхойлох боломжтой болсон юм. 

Сиан хотын цагдаагийн мэдээлснээр Мао Инийг хулгайлсан этгээдүүд түүнийг өөр гэр бүлд 6000 юань буюу өнөөдрийн ханшаар 845 ам.доллараар зарсан байжээ. Тэрээр энэ хугацаанд өөр нэрээр төрсөн гэр бүлтэй нь зэргэлдээх Сичуан мужид өсөж том болсон бөгөөд их сургуульд сурч, хувиараа интерьер дизайны бизнес эрхэлдэг болсон байна. Цагдаагийн байгууллага Мао Инийг өсгөсөн эцэг эхийнх нь талаар ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд түүнийг хулгайлсан этгээдүүдийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн талаар мэдэгджээ.

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам тус улс дахь хүний наймаа, хүүхдийн хулгайтай тэмцэх зорилгоор 2009 оноос иргэдийн ДНХ мэдээллийн санг байгуулсан байдаг. Албан ёсны тоо баримтад дурдсанаар Хятадад ДНХ мэдээллийн сан байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл сураггүй алга болсон 6300 гаруй хүүхэд гэр бүлдээ очсон байна. Мөн тус яам 2016 оноос “Reunion” гэх онлайн хянах системийг нэвтрүүлснээр энэ хугацаанд нийт алга болсон 4467 хүүхдийн 4385-ыг нь олоход тусалжээ. 

О.Мөнхбат 

Эх сурвалж: SCMP, Xinhua

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>