МАН-ын сонгуулийн санхүүжилт итгэл төрүүлэхгүй байна

415
 
 

МАН-ын сонгуулийн санхүүжилт итгэл төрүүлэхгүй байна

 

  • Сонгуульд зарцуулах 34 тэрбум төгрөгийг дан хандиваар босгох боломж байхгүй тул хардлага төрүүлж байна

УИХ-ын сонгуульд амжилттай оролцохын тулд нам, эвсэл, нэр дэвшигчид өөрсдийн санхүүжилтийг босгосоор байна. АН-ын хувьд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг татсан бол МАН дан хандиваар санхүүжилтээ босгох болсноо өнгөрсөн бямба гарагт зарлав. МАН-аас нэр дэвшигч Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаар танилцуулж хандивын аян албан ёсоор эхэлж байгааг өчигдөр мэдэгдсэн. Тэрбээр "Аливаа улс төрийн хүчин сонгуульд цэвэр санхүүжилтээр өрсөлддөг зарчим байдаг. Энэ зарчмыг баримталж ажиллана. Хандивын дансанд иргэд сонгогчид, гишүүд, дэмжигчид хандиваа өгөх боломжтой. МАН-ын 200 мянга гаруй гишүүн маань 1000, 5000 төгрөг хандивладаг. Энэ сонгуульд МАН-ын нэр дэвшигч бүр хариуцлагатай хандаж, ялах ёстой. Гадаадын улс орнуудад дэмжиж байгаа улстөрчийнхөө хурал зөвлөгөөнийг өөрсдөө санхүүжүүлээд, намын мөрийн хөтөлбөрийг нь хэлэлцдэг. Иргэдийн оролцоо байж ардчилал хөгжинө. Нэр дэвшигчдээ мөнгөнөөс хол байлгахын тулд иргэд нь оролцох ёстой гэж үздэг. Энэ туршлагыг нэвтрүүлэхийн төлөө МАН ажиллаж байна” гэсэн. Түүний үг МАН дан хандиваар сонгуульд оролцохоо илэрхийлсэн гэж ойлгож болох ч итгэл төрүүлэх хэмжээнд сонсогдохгүй байгаа юм. Тэр дундаа 1000, 5000 төгрөгийн хандив цуглуулаад том сонгуульд орно гэдэг юу л бол!!! Учир нь өнгөрсөн гуравдугаар сард Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын сонгуульд зарцуулах зардлыг тойрог бүрээр тогтоосон. Тэгэхдээ Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авч боловсруулсан. Түүгээр тооцвол аймгуудад 19.1 тэрбум, нийслэлийн тойргуудад 15.2 тэрбум гээд 76 нэр дэвшигч нийт 34.3 тэрбум төгрөг зарцуулах юм. Нэг нэр дэвшигч тойргийн өрх бүрийн тоогоор сонин, сэтгүүл, ухуулах хуудас тараах учраас сонгуулийн зардлын дээд хэмжээг тултал ашиглахаас аргагүй. Тэгэхээр энэ их мөнгийг дан хандиваар босгож санхүүжилтээ хийнэ гэдэг хүнд. МАН-ын 200 мянган гишүүн бүр 171.5 мянган төгрөг хандивлаж байж энэ мөнгө босох нь. Мөн аль ч намын нэр дэвшигч нөгөөгөөсөө дутуугүй үйл ажиллагаа явуулж байж өрсөлдөөн өрнүүлдэг манай нөхцөлд хагас тэрбум төгрөгийг дан хандиваар босгоно гэдэг ч бараг боломжгүй. Сонгуулийн тухай хуульд нэг иргэнээс өгөх хандивын хэмжээг таван сая, хуулийн этгээдээс авах мөнгийг 20 сая төгрөгөөр баталсан учраас нэг нэр дэвшигч дор хаяж 100 иргэнээс таван сая, 25 ААН-ээс 20 сая төгрөг авч санхүүжилтээ хангах болж байна. Тийм л учраас МАН-ын уриалга худлаа байх магадлал өндөр юм. Хэдийгээр МАН-ын санаачилга, гадаадын жишгийн дагуу хандив цуглуулж өрсөлддөг болчихвол манай улс төрийн соёлд хэрэгтэй ч бодит байдал дээр сонгуулийн зардлын хэмжээг тултал ашиглаж өрсөлддөг онцлогоос хамаарч тийм боломж харагдахгүй байгаа юм.

Засгийн газрын мэдээ
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>