Нэр дэвшигчдийн хамгийн чинээлэг нь Б.Пунсалмаа, хамгийн бага орлоготой нь Н.Ган-Од

572

Авлигатай тэмцэх газраас УИХ-д нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авснаа өнгөрсөн мягмар гарагийн 21 цагийн орчимд олон нийтэд зарласан. Хоржоонтой нь, нэр дэвшигчид юу ч гэж мэдүүлсэн, хөрөнгө, орлогоо хэчнээнээр ч нэмж, хассан түүнийг нь хянаж, шалгаж, тогтоох хууль, эрх зүйн орчин, хүлээлгэх хариуцлагын тогтолцоо манайд одоогоор байхгүй. Ингэхээр хэн ч, юу ч гэж мэдүүлсэн байж болох “Мөрөөдлийн ХОМ”-ийн баримтууд ойрын өдрүүдэд хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр цацагдана гэсэн үг. Энэ нь нэг талаар анх удаа ХОМ өгч байгаа бол өөрийн хөрөнгөө хэд дахин өсгөж, үржүүлж, мэдүүлсэн байх талтай. Нөгөө талаар жинхэнэ хөрөнгө, орлогуудаа нуун дарагдуулсан ч байх магадлалтай. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг тоймлон хүргэе. 

“ТОМЧУУД” ХЭРХЭН МЭДҮҮЛСЭН БЭ

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн орлого гурван жилийн өмнө 134 сая байсан бол 2019 онд 165 сая болж нэмэгдсэн. Харин 2017 онд ХОМ бөглөх үед гэр бүлийн орлого нь 272 сая төгрөг байсан бол 2018, 2019 онуудад 0 төгрөг болж, гэр бүлийн орлогогүй болсон байдаг. Харин орон сууцны хувьд өөрчлөлт ороогүй байна. 168 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай. Мөн автомашины тухайд өөрчлөлт гарсангүй. Mercedes Benz ML320, Harley Davidson мотоцикл, Lexus, 570 тус бүр нэгийг эзэмшдэг бөгөөд нийт үнэлгээ нь 284 сая төгрөг аж. Түүнчлэн 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. Үүнээс гадна сүүлийн хоёр жилийн өгсөн ХОМ-ээс нь харвал Ерөнхий сайд 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай, авлага, зээл аль аль нь байхгүй, эзэмшдэг тусгай зөвшөөрөлгүй гэнэ. 

Харин АН-ын дарга С.Эрдэнийн хувьд өөрийн нь орлого 2017, 2018 онуудад 24 сая байсан бол 2019 онд хоёр сая төгрөгөөр буурч 22.9 сая болжээ. Түүний гэр бүлийн орлого 2017 онд 238 сая байсан бол 2019 онд 296 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Орон сууцны хувьд 2017 онд 396 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван сууцтай байсан бол 2019 онд 687 сая төгрөгийн үнэлгээ бүхий зуслангийн нэг байшин, хашаа байшин нэг, хоёр орон сууцтай болжээ. 2017 онд 213 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota,Crown, Hyundai, Toyota, Land Cruiser 200 тус бүр нэг машинтай байсан. Харин 2019 онд 72 сая төгрөгийн үнэлгээ бүхий Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570, суудлын жижиг машин, BMW, 528, суудлын жижиг машин тус бүр нэг гэж мэдүүлсэн байна. 2017-2019 онд 36 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, хадгаламжгүй, авлага, зээлийн аль аль нь байхгүй гэжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Херо энтертайнмент групп” ХХК-ийн 50 хувийг 2017 оноос хойш эзэмших болжээ. Мөн тэрбээр “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувь эзэмшдэг бөгөөд 100 сая төгрөгийн хадгаламжтай, өөрийн нийт орлогоо 233 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хадгаламжиндаа 77 сая төгрөгтэй бөгөөд өөрийн орлогоо 83 сая, гэр бүлийн орлогоо 173 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн түүний нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй “Оюуны Ундраа Групп ХХК”-ийн хувьцааны 24 хувийг эзэмшдэг бол “МСГ” банк бус санхүүгийн байгууллагыг 100 хувь эзэмшдэг болохоо ХОМ-тээ тусгажээ. 

Тэгвэл энэ удаагийн сонгуульд дээрх эрхмүүдээс хавь илүү чинээлэг нэгэн иргэн нэр дэвшиж байгаа нь УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Бадамдоржийн Пунсалмаа юм. Тэрбээр өөрийн орлогоо 85 тэрбум төгрөг хэмээн мэдүүлснээр хамгийн өндөр орлоготойд тооцогдож байна. Харин гэр бүлийн орлогоо 83 тэрбум 913 сая 168 мянга хэмээн мэдүүлжээ. Б.Пунсалмаа 470 сая төгрөгийн үнэлгээ бүхий Land Rover, Range Rover, Porsche, Boxter маркийн тус бүр нэг автомашинтай, 40 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай аж.

Түүнчлэн “Их Монгол Товер” ХХК, “Эм Пи” ХХК, “М Ойл Групп” ХХК, “Инвестос” ББСБ ХХК, “Рандонехорс” ХХК, “Сиркл Чейн” ХХК, “Смарт Ворк” ХХК, “Монгол Артист Пикчерс” ХХК, “Нью-Истан” ХХК, “Тайширын Хүдэр” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэдгээ мэдүүлжээ.

ХАРИН ТЭД ХЭРХЭН МЭДҮҮЛСЭН БЭ

Энэ удаагийн сонгуулийн сонин дүр төрхүүд байж мэдэх зарим нэр дэвшигчийн ХОМ-тэй танилцуулъя. 
24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж буй М.Чингисхаан нь ХОМ-тээ 500 мянган төгрөгийн орлоготой, таван сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг гэртэй, 15 сая төгрөгийн үнэ бүхий 0.07 га газар, “Цэцэн продакшн” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. 

Түүнчлэн “Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй Д.Сүндийгийн жилийн орлого 238 сая 317 мянга, гэр бүлийнх нь орлого 36 сая 305 мянган төгрөг гэнэ. Амины хоёр, нийтийн дөрөв, үйлчилгээний зориулалтын гурав, бусад (өвөлжөө, хаваржаа, хүлэмж) нэг орон сууцтай, зургаан авто зогсоолтой аж. Тэрбээр эдгээрийгээ 23 тэрбум, 65 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн жийп болон туулах чадвар өндөр, Lexus-570 загварын машинтай. Үүнийгээ 406 сая төгрөгөөр үнэлсэн байна. 20 сая төгрөгийн үнэ бүхий газар, 272 сая төгрөгийн үнэтэй үнэт эдлэлтэй, нэг тэрбум, 645 сая, 124 мянган төгрөгийн хадгаламжтай, авлага нь 3.5 тэрбум гэж мэдүүлжээ. Түүнчлэн “Нэткапитал Финанс Корпораци”, “Нэткапиат Авто”, “Нэткапитал Финанс” групп, “Нэткапитал Мобайл”, “Нэт Академи”, “Нэткапитал холдинг”, “Нэткапитал Девелопер”, “Нэткапитал ТРД”, “Ардчилал хөгжил академи”, “Сүндий сан”, “Эрдэнэс Таван Толгой” ХК-д хөрөнгө оруулж, ихэнхийг нь эзэмшдэг гэжээ. 

Ганбууш буюу Н.Ган-Од 2020 оны УИХ-ын сонгуульд “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намаас 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй. Түүний өөрийн орлого 350 мянган төгрөг, хадгаламжиндаа таван сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.
Мөн УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Ц.Пүрэвхүү өөрийн орлогоо 93 сая, гэр бүлийн гишүүдийн орлогоо 173 сая  250 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-аа өргөжүүлэн “Утааны эсрэг мэдээлэлтэй ирээдүй” ХХК болгосноос гадна  448 сая 800 мянган төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, зуслангийн хоёр байшинтай аж. Мөн 101 сая төгрөгийн үнэлгээ бүхий хурдан удмын нэг адуу, 10 хоньтой, 13 сая төгрөгийн газартай бөгөөд хадгаламжиндаа 51 сая төгрөгтэй, 35 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

УИХ-ын 26 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч дуучин Нара буюу М.Нарантуяа өөрийн орлогоо 496 сая 378 мянган төгрөг гэсэн бол гэр бүлийн орлогоо 31 сая 200 мянган төгрөг гэжээ. 250 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай, 90 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Land Cruiser 200, Nissan, Fuga маркын тус бүр нэг автомашинтай хэмээн мэдүүлжээ. Мөн зөгий үржүүлгийн газраа 28 сая төгрөгөөр, 100 бүл зөгийгөө 100 сая төгрөгөөр үнэлжээ. М.Нарантуяа нь 20 сая төгрөгийн хадгаламжтай, 298 сая төгрөгийн авлагатай, 25 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

УИХ-ын 25 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Жагар нь өөрийн орлогоо 87 сая төгрөг гэсэн бол гэр бүлийн орлогоо 480 мянган төгрөг хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн 10 саяар үнэлэгдэх суудлын хоёр автомашин, мөн 10 саяар үнэлэгдэх хурдан удмын хоёр адуу, 230 саяар үнэлэгдэх хоёр газар, 2.5 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Түүнчлэн нэг сая 149 мянган төгрөгийн хадгаламжтай, 31 сая төгрөгийн авлагатай хэмээжээ.  

Б.Энх

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>