Зарим олны танил эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс танилцуулахад
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд 100 сая төгрөгийн хадгаламжтай
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Херо энтертайнмент групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Баатартай ах дүүс гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайд ахынхаа компани буюу "Херо энтертайнмент групп” ХХК-ийн 50 хувийг 2017 оноос хойш эзэмших болжээ. Мөн тэрээр "Хүлэг контент” ХХК-ийн 100 хувь эзэмшдэг бөгөөд 100 сая төгрөгийн хадгаламжтай, өөрийн нийт орлогоо 233 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна.
Монгол ахуй, зан заншлаар амьдрахыг уриалдаг эрхэм гишүүн С.Жавхлан нийтийн орон сууц хоёр, гэр нэг, Hyundai Santa Fe, Nissan Patrol маркийн авто машин тус бүр нэгийг эзэмшдэг байна.
Хуульч Б.Гүнбилэг таван орон сууцтай
Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид сонгуульд оролцохоо илэрхийлж байгаа үеэр УИХ-ын даргын хуулийн зөвлөх асан Б.Гүнбилэг байраа зараад сонгуульд оролцохоор боллоо хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Б.Гүнбилэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ амины орон сууц нэг, нийтийн орон сууц тав, хашаа байшин нэг гэж бөглөжээ. Мөн тэрээр 108 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг юм байна.
Д.Кёкүшюзан Батбаярын эзэмшдэг компаниудын нэрийг жагсаавал нэлээд урт жагсаалт гарах нь ойлгомжтой. Түүний өөрийн орлого 601 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 13.2 тэрбум төгрөг юм байна. Мөн тэрээр нийт 70 тэрбум төгрөгийн үнэлгээтэй долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг ба 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай ажээ. Д.Кёкүшюзан Батбаярын хөрөнгө орлогын мэдүүлэгт хонь 300, үхэр 3000, ямаа 200, хурдан удмын адуу 15-байгаа нь анхаарал татсан юм.