Н.ЦЭРЭНБАТ САЙД ТЭРБУМЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Парламентад сууснаас хойш жилийн дараа л гишүүдийн аж амьдрал эрс сайжирч, хөрөнгө нь хэд дахин нэмэгддэг. Гэтэл УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат эсрэгээрээ парламентад суугаад бараг л хоосорчхож. Тэрбээр 2015 оны ХОМ-тээ 2 тэрбум 502 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2016, 2017, 2018 онуудад жилийн 23 төгрөгийн орлого олж байгаагаа мэдүүлжээ.
Сайдын орлого ийнхүү шалдаа унатал буусан бол гэр бүлийн хүнийх нь орлого жилээс жилд нэмэгдэж байна. Тодруулбал, Н.Цэрэнбат сайд гэр бүл 2015 онд 18 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 32 сая төгрөг, 2017 онд 86 сая төгрөг, 2018 онд 61 сая төгрөгийн орлого олж байгаагаа ХОМ-т мэдүүлжээ.
Н.Цэрэнбатын хувьд гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 934 сая төгрөгийн үнэлгээтэй. Мөн Lexus,RX 400 ,Toyota,Land Cruiser 200 гэх хоёр машинтай. Машинуудын үнэлгээ 286 сая төгрөг.
Эрхэм сайдын хөрөнгөлөг нэгэн болохыг илтгэх бас нэг зүйл бол түүнд 1 тэрбум 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй 100 сая төгрөгийн хадгаламжтай. Түүнчлэн 749 сая төгрөгийн авлагатай тухайгаа мэдүүлсэн байна. 20 сая төгрөгийн цалинтай хотойхгүй баян хүн гэмээр...Түүний эзэмшлийн байр сууц, машин унаа, үнэт эдлэл бүгд цээж баян гэдгийг илтгэж байгаа ч навс буусан жилийн орлого нь хардлага төрүүлж байгааг хэлэхэд илүүц биз. Нэг үгээр УИХ-ын гишүүн хийгээд сайдын суудал 2 тэрбумын орлогоос үнэ цэнэтэй байна гэсэн үг. Гэхдээ Н.Цэрэнбат сайд орлогын эх үүсвэрүүдээ хааш нь хийж, 2 тэрбумын орлогоо "нуусан" нь анхаарал татна.
Дээр нь нэмэгдээд сайдын хувь эзэмшдэг, эзэмшилд байдаг компаниуд гэвэл уртаас урт жагсаалт гарч байна. Тодруулбал, Хан ИМПЕРИАЛ ХХК, ЖИ ЭС ПРОПЕРТИ ХХК, ГЕРМАН СТАНДАРТ КОНСТРАКШН ХХК, Герман Стандарт цонх хаалга ХХК, Тулгуур импекс ХХК, БМТБ ХХК, Жи Эс Катеринг ХХК, Эм Эйч Девелопмент ХХК, Голден бизнес девелопмент ХХК, Хеликс Монголиа ХХК, Юнайтед фүүдс корпораци ХХК, Трансинконсулт ХХК, Юу Эф Си Трейд ХХК, Хөх Тэнгэр Интернэшнл ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Газар Ундарга ХХК, Радуга фейшн ХХК, Азийн Дата Сентр ХХК, Мэйн структур ХХК, Бест структур ХХК, ВЖВМ ХХК, Хархираан хөгжил инвест ХХК, Уран оньс ХХК, Бик инк ХХК, Герман Стандарт ХХК-иудыг ХОМ-тээ мэдүүлсэн байна. Эдгээр компаниудаас хувь хүртэж, ашиг олдоггүй гэхээр бас л сонин дүр зураг гарна биз. Гэхдээ Н.Цэрэнбат зөвхөн сайдын цалингаараа амь зуудаг гэж байгаа. Өөр ямар ч орлогогүй.
Сонирхуулахад, энэ жил Н.Цэрэнбат сайд ХОМ-тээ шинээр нэг тусгай зөвшөөрлийн эрх эзэмшиж байгаагаа мэдүүлжээ.
Оллоо.мн