Салбараа нинжа нараас салгаж, уул уурхайг хариуцлагажуулаарай, Г.Ёндон сайд аа
Эдийн засгаа солонгоруулах, зөвхөн уул уурхайгаас хараат байдлыг саармагжуулах талаар манай улстөрчид, эдийн засагчид олон жил ярьж буй ч үүнийгээ хэрхэн хийх оновчтой гарц гаргалгаа, арга замыг өнөө хүртэл олоогүй л байна. Олоогүйгээр барахгүй, ойрын 50 жилдээ Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний хамаарлаас гарахгүй, өөрөөр хэлбэл, монголчууд байгалийн баялгаараа амь зууна гэдэг тооцоо судалгааг мэргэжилтнүүд хийгээд буй юм билээ. Тэр тусмаа нөхцөл байдал амаргүй байгаа ойрын хэдэн жилийг уул уурхайн салбар, байгалийн баялаг, ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүнээ түшиглэж давахаас өөр найдвартай, тодорхой гарц байхгүй. Тийм ч учраас энэ удаагийн Засгийн газар уул уурхайн салбарт онцгой үүрэг хүлээлгэж буй.
1990-ээд оноос хойш уул уурхайн салбарын сайдаар яг шат бүхэн дээр нь гишгэж өгссөн, салбараа арван хуруу шигээ мэдэх мэргэжлийн хүн томилогдсон нь цөөхөн. Харин энэ удаа УУХҮ-ийн сайдаар чухам салбарынхаа эд эс бүхнийг мэдэх мэргэжлийн хүн томиллоо хэмээж, уурхайчид сайддаа элгэмсүү байгаа. Нэг харахад хамгийн гол салбар шиг, нөгөө бодоход хамгийн орхигдсон салбар мэт уул уурхайн салбарт ихийг хийхийг бас Г.Ёндон сайдаасаа хүсэж буй.
Харин түүнээс юу хүлээж болох, юу хүлээх хэрэггүй гэдгийг удахгүй батлагдах Засгийн газрын мөрийн хөтөлбөр тодорхой болгох юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт УУХҮЯ-наас есөн дэд зорилтын хүрээнд 33 арга хэмжээ төлөвлөсөн. Уул уурхайн салбарт ирэх дөрвөн жилд баримтлах бодлогыг хамгийн товчоор ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, гүн боловсруулалт, эрдэс баялгийн нөөцийг арвижуулах, баялгийн тэгш хуваарилалт гэсэн үгсээр илэрхийлж болно. Жаахан задалбал, “Стратегийн ач холбогдол бүхий орд газруудын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн дээшлүүлж, улс эх орны язгуур эрх ашигт нийцүүлж ашиглана”, “Нэмүү өртөг шингэсэн, гүн боловсруулалтыг дэмжинэ”, “Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, далд уурхайг ашиглалтад оруулна” гэх мэтийн юу хийхээр зорьж буйг нь бага ч гэсэн тодорхой болгох заалтууд бий.
Бүр тодруулаад харвал, зэсийн баяжмал боловсруулах, исэлдсэн хүдрийг уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх, “Оюутолгой”-н далд уурхайг ашиглалтад оруулах гэх мэтийн улиг болсон гэмээр амлалтууд, Асгатын мөнгөний орд, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өргөтгөл, шинэчлэл гэх мэтийн ажлууд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусахаар болсон. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих боломжтой, урьдчилсан байдлаар тооцоо, судалгаа сайн хийгдсэн, үндэслэл сайтай, хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгдэх боломжтой гэж үзсэн төслүүдээ мөрийн хөтөлбөрт багтаасан гэж албаны хүмүүс хэлж буй.
Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өргөтгөл, шинэчлэл гэх мэтийн хуучин үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд ч яах вэ, хийж л байдаг, явж л байдаг ажлуудын нэг. Мөрийн хөтөлбөрт тусахаар эцэслэгдсэн томоохон төслүүдээс хамгийн анхаарал татаж буй нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр. Олон ч жил яригдаж, мөрөөдөл, төсөөлөл төдий явж ирсэн энэ ажлыг ирэх дөрвөн жилд бодит болгоно гэсэн амбийц уул уурхайн салбарынханд байгаа юм билээ. Тэгэхдээ зэс хайлуулах үйлдвэрээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулна гээд тооцоо судалгаагаа хийчихээд буй. Өөрөөр хэлбэл, зэс хайлуулах, катодын зэс үйлдвэрлэх амбийцдаа хүрэхэд хамгийн боломжтой төсөл тэнд байна гэж Засгийн газар үзсэн хэрэг. Ингэснээр одоогоор 60 жилийн нөөцтэй гэгдэж буй Эрдэнэтийн овоог түшиглэсэн Эрдэнэт хотын ирээдүйг илүү найдвартай болгох шинэ үйлдвэр байгуулах, “Эрдэнэт үйлдвэр”-ийн инеженер техникийн боловсон хүчин, техник технологи, байгалийн баялгийн нөөцөд тулгуурлан Монгол Улсад хүнд үйлдвэрлэлийн суурийг тавина гэж үзэж буй юм билээ.
Энэ Засгийн газрын үед ажиллах УУХҮ-ийн сайдын нэр дээр яригдах өөр нэг том ажил нь “Оюутолгой”-н далд уурхай. Хэдэн Засгийн газар дамжиж буй энэ том төслийг хэрхэн үргэлжлүүлэхээс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон үзүүлэлт ихээхэн шалтгаална. Тэгэхээр, хамгийн зөв гарц гаргалгааг олж, улсын эрх ашигт нийцүүлэн хийх үүрэг Засгийн газар, тэр дундаа УУХҮЯ-нд ногдож буй. Мөн “Эрдэнэс Тавантолгой” дээр ямар бодлого явуулах, “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусыг хэрхэх зэрэг анхаарал татах олон асуудал Г.Ёндон сайдын гарт шилжиж ирээд байна.
Улс орон уул уурхайгаа түшиглэхээс аргагүй байгаагаа дээр дооргүй хүлээн зөвшөөрч буй энэ үед уул уурхайг жадлан эсэргүүцэх нь утгагүй, том төсөл, хөтөлбөрүүдээ явуулах нь зөв гэдгийг ойлгож байгаа ч УУХҮ-ийн салбарыг толгойлох үүрэг хүлээсэн Г.Ёндон сайдад сануулж, дайх үг бас сэтгүүлчдэд бий. Том төслүүдийн дуулианд дарагдаад салбарын мэргэжлийнхний анхаарлаас гадна үлддэг асуудлууд уул уурхайн салбарт олон бий. Хамгийн авлигажсан, тэгш бус хуваарилалтыг бий болгодог, хариуцлагатайгаасаа хариуцлагагүй нь дэндсэн салбар уул уурхай. Мэргэжилдээ дуртай, хайртай, ёс зүйтэй инженерүүд, геологичид, уурхайчид мэдээж олон. Улсынхаа эдийн засагт өөр өөрийн хувь нэмрийг оруулдаг уурхай, компани ч цөөн биш.
Гэхдээ сайнаасаа саар нь дутуугүй. Ухах, сэндийчихээс өөрийг мэдэхгүй, улсын эдийн засагт дорвитой хувь нэмэргүй, харин ч үр хойчид гарз хохиролтой авах, идэхийн дон шүглэсэн шуналтнууд олон. Салбараа нинжа нараас салгаарай, уул уурхайн салбарынхаа нэрийг цэвэрлэж, хариуцлагатай, ёс зүйтэй, эрүүл уул уурхайн төлөө зүтгээрэй. Салбарт бүрт л байгаа зүг чигээ бүрэн олоогүй, үймж бужигнасан, ар өврөөс суйлахаа овсгоо самбаа гэж бодсон хударгагүй явдалтнууд таны хариуцаж буй салбарт ч бий шүү. Цэгцлэхийн, цэвэрлэхийн, эрүүлжүүлэхийн төлөө ажиллаарай.
ЭХ СУРВАЛЖ: ТОЙМЧ- Х.УЯНГА, Npost.mn