Гэртээ үлдсэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэн хариуцах вэ?

552

Хичээл сургалтын үйл ажиллагааг ирэх сарын 1-нд эхлүүлэх шийдвэр гарсны дараахан манай улсын боловсролын салбар олон асуудлыг араасаа дагуулж, дуулиан шуугианы гол цөм болоод байна. Долоо хоногийн дараа сургууль, цэцэрлэг хичээллэж эхэллээ. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдүүдийг авахгүй байх шийдвэр гарчихсан. Хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгчихөөд ажлаа хийдэг байсан эцэг эхчүүдийн хувьд том цохилт боллоо.
 
Энэ жил таван настай 79900 хүүхэд цэцэрлэгт хамрагдана. Харин цэцэрлэггүй үлдсэн хоёр настай 77 мянга орчим хүүхдээ хараад эцэг эх гэртээ суух уу, эсвэл цоожилж үлдээчихээд ажлаа хийх үү гэсэн сонголттой нүүр тулав. МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа энэ сарын 17-нд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Халдварын эрсдлээс сэргийлж  хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй байхаар зохицуулж, бүх шатны байгууллагад үүрэг чиглэл өгсөн. Тиймээс манай байгууллага дүрэм, журмынхаа дагуу хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгүүд авсан эсэх дээр хөндлөнгийн хяналтаа тавьж ажиллана. Хэрвээ холбогдох дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн нь асуудлыг улам дэвэргэв. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны  312 мянга 802 хүүхдээс  263 мянга 333 хүүхэд буюу нийт хүүхдүүдийн 84.3 хувь нь цэцэрлэгт хамрагджээ.  Мөн ирэх  сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг, үүнээс нийслэлд дөрвөн сургууль, 23 цэцэрлэг ашиглалтад орно гэж мэдээлээд байгаа юм.  Харин энэ жил хүүхдүүдийн чухам хэдэн хувийг нь цэцэрлэгт хамруулах талаар одоохондоо мэдээллээгүй байна. Халдвараас сэргийлэхийн тулд нэг ангид 20-25 хүүхэд хичээллэхээр шийдвэрлэсэн. Тэгэхээр анги дүүргэлтээс хамаарч суралцагчдын тоо огцом багасах нь тодорхой. 
 
“ЦЭЦЭРЛЭГ ХҮРЭЛЦЭХГҮЙ БОЛОХООР ХОЁР НАСТНУУДЫГ АВСАНГҮЙ”
 
Хэдхэн сарын өмнө Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тав, дөрөв, нэг нас зургаан сартай гурван хүүхэд ээжийнхээ эзгүйд амиа алдаж, нийгэм даяараа цочирдон хүлээн авч байсан нь саяхан. Гэтэл энэ удаагийн хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байх, 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг авна гэсэн шийдвэрээс болж  дахин хэдэн хүүхэд  гэртээ цоожлогдон үлдсэний улмаас амиа алдахыг бид  мэдэхгүй. Энэ асуудлаар бид зарим иргэний байр суурийг сонирхлоо. Иргэн О.Болор “Би 2,6,12 насны гурван хүүхэдтэй. Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй болохоор эцэг эхчүүд ажил яаж хийх юм бэ. Бид ажлаа хийж, цалингаа авч тэрүүгээрээ хүүхдийнхээ дархлааг дэмжих эм, тариа, бэлдмэл, шим ногоотой хүнсээ авдаг байсан. Хэрвээ эцэг эх нь хүүхдээ гэртээ байхад нь сайн асарвал томуу тусахгүй, туссан ч хүндрэхгүй байдаг байсан. Хүүхдийг тань бодож ийм шийдвэрээ гаргалаа гэх юм. Гэтэл гэртээ эзэнгүй үлдэхээр улам эрсдэлтэй байдалд орж байгаа юм бишүү. Энэ шийдвэрийн учрыг ерөөсөө олохгүй байна.
Хувийн сургуульд багшилдаг учраас сургуулиуд хаагдсанаас хойш бараг цалин аваагүй. Одоо есдүгээр сарын 1-нд ажилдаа орьё гэтэл хүүхдийг маань харах хүнгүй болчихлоо. Яагаад ийм уялдаа холбоогүй, иргэдийн аж амьдралыг судалдаггүй шийдвэр гаргадаг юм бэ” гэв.
 
Харин  иргэн Г.Сувд-Эрдэнэ “Миний бага хүүхэд дөрвөн настай. Тодорхой хувийг нь авна гэсэн болохоор энэ жил цэцэрлэгт хамрагдаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Үнэхээр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бодож байгаа бол эцэг эх хоёрын аль нэгэнд нь мөнгөн тэтгэмж олгох хэрэгтэй. Тэгвэл тэр мөнгөө аваад хүүхдээ хараад сууж болно. Тэрнээс ажил хийхгүйгээр гэр бүлээ тэжээгээд явах боломжтой эсвэл асрагчаар хүүхдээ харуулах бололцоотой хэдэн гэр бүл байгаа юм бэ. Үнэндээ байхгүй. Дүүгээ хардаг ах эгч нарынх нь хичээл орчихно. Өнөөгийн нийгэмд нэг хүний цалин хаана ч хүрэхгүй. Ер нь бол цэцэрлэг нь хүрэлцэхгүй болохоор далимдуулж ийм шийдвэр гаргасан байх” гэлээ.
 
ӨНГӨРСӨН ЖИЛ ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙН 60-70 ХУВЬ НЬ  ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРЭЭГҮЙ
 
Энэ маргаантай асуудал дээр салбар яамнаас тодрууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Энэ хичээлийн жилд эрсдэлтэй нөхцөл байдал, хүүхдийн эрүүл мэнд, дархлааны байдлыг харгалзан  хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй, эцэг эх асран хамгаалагчийн асрамж хамгааллын дор хөгжлийг нь дэмжих шийдэл гаргасан. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно.  Өнгөрсөн жил “Ковид-19” цар тахал гараагүй, зөвхөн улирлын томуу дэгдэх үед  хоёр настай хүүхдүүдийн 60-70 хувь нь  цэцэрлэгт ирэхгүй байсан.  Түүнчлэн  хоёр настай хүүхдүүд жилийн турш ханиад нь бүрэн эдгэрэхгүй, уушгины суурь өвчтэй болох  аюултайг Эрүүл мэндийн байгууллага анхааруулсан.  Хоёр болон гурван  настай хүүхдийн хооронд дархлаа, өвчин эсэргүүцэх чадварын хувьд асар их ялгаа байдаг.  Бид таны хүүхдийн эрүүл мэндийг бодож ийм шийдвэр гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй.   Эцэг эхчүүд хүүхдээ хараад гэртээ суугаад ажил хийх боломжгүй болж байгаа боловч хүүхдээ цэцэрлэгт явуулснаар ханиад хүрч эмнэлэгт хүргэгдвэл бүүр илүү их эдийн засгийн хохирол амсана. Түүнчлэн Хөдөлмөрийн хуулиар хүүхдээ гурван нас хүртэл халамжлах үүрэгтэй. Энэ жил ямар нэгэн байдлаар зохицуулаад хоёр настай хүүхдээ гэрээр асарчихвал гурван нас хүрээд өвчлөл буурдаг. Тиймээс байгууллагууд эцэг эхийн ажлын цагийг богиносгох, цахимаар ажиллах зэрэг боломжийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн хариу өглөө. Мөн баасан гаригт мэдээлэл өгөх үеэрээ “Бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгааг сайн анхаараарай. Өмнө нь явж байсан 3-4 настай хүүхдээ хамруулаад, анги танхим илүү байгаа бол зорилтот бүлгийн хүүхдүүдээ хамруулна.
 
Төрийн бус өмчит цэцэрлэгийн сул орон зайг ашиглан 5087 хүүхдийг хувийн цэцэрлэгт төрийн өмчийн зардлаар авах ажлыг зохион байгуулна.  Анги танхимын хүрэлцээ тааруу байгаа зарим цэцэрлэгт зориулалтын барилга байгууламжийг түрээсэлж ажиллуулах талаар Нийслэлийн Боловсролын байгууллага аймгуудаас мэдээллээ аван, зохион байгуулалт хийн ажиллаж байна” гэсэн юм.
 
Энэ оны эхний долоон сар гэхэд 623 хүүхэд түлэгдэж, 304 хүүхэд зам тээврийн ослын улмаас ГССҮТ-д иржээ. Энэ талаар ГССҮТ-ийн Статистик мэдээлэл, тандалт судалгааны албаны эпидемологич, их эмч А.Жаргалмаа “Энэ  оны эхний долоон сарын байдлаар ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаар 67694 хүн үйлчлүүлсэний 7768  нь 2-5 насны хүүхэд байгаа нь өмнөх оны мөн үеэс гурван хувиар буурсан үзүүлэлт юм. Хөл хорио тогтоож эцэг эхчүүд хүүхдээ гэрээр харах болсноос манайд ирэх бага насны хүүхдүүдийн тоо багассан. Тодруулбал, зам тээврийн осол 26 хувиар бүх төрлийн уналт дөрвөн хувиар, түлэгдэлт 8.2 хувиар, хүчирхийлэл 48 хувиар буурсан. Гэхдээ  байгалийн хүчинд өртөх шалтгаант осол 25 хувиар, санамсаргүй хордох хорт бодист өртөх шалтгаант осол 50 хувиар, тодорхойлж боломгүй шалтгаант осол гэмтэл 16.6 хувиар өссөн” гэлээ. Гэхдээ энэ бол өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлт нь. Сургууль, цэцэрлэгүүд хичээллэж эхлээд эцэг эхчүүд ажилдаа орвол энэ тоо хэд дахин нэмэгдэхийг тааварлашгүй юм. Нэг талаас хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодсон зөв шийдвэр боловч үүнээс үүдэх эрсдэлээ тооцоолоогүй нь харамсалтай.
 
Хэрвээ Боловсролын яам нь ийм шийдвэр гаргахаар бол бусад албан байгууллагын ажиллах цаг, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах шийдвэрээ ч мөн адил танилцуулах ёстой. Төр засгийн байгууллагуудын уялдаа холбоогүй шийдвэрээс болж олон мянган бяцхан үр цоожтой хаалганы цаана үлдэж, хэсэг эцэг эх ажлаасаа гарах нь. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нийслэл хотод  барьж буй зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцаж, гадна тохижилтын ажлыг яаралтай чанартай гүйцэтгэж дуусгах, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангах үүрэг чиглэл өгөв. Гэтэл цэцэрлэгт хамрагдах хүүхдийн аюулгүй байдал бус цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>