85 жилийн түүхтэй Монголын кино урлагийн салбар хуультай болоход ойрхон байна
Орчин үед нийгмийн бүх харилцаа, бизнес, үйл ажиллагаагаа бүгд хуулиар зохицуулагддаг болсон. Хамгийн наад захын жишээ нь тамхи татахад хүртэл хуультай болсон цаг. Гэвч хууль зайлшгүй шаардлагатай ч өнөөдрийг хүртэл хуульгүйгээр урсч ирсэн зүйлс ч бий. Бүр ямар ч хуулийн зохицуулалтгүй салбар ч байна. Тухайлбал, 85 жилийн түүхтэй Монголын кино урлагийн салбар өнөөдрийг хүртэл хуульгүй явж ирлээ. Энэ салбар одоо л нэг хуультай болох нь. Учир нь, УИХ энэ долоо хоногт Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээр болов. Өнгөрсөн хугацаанд Киноны тухай хуультай болох санаачилга хэд хэдэн удаа гарч байсан ч цаасан дээр буулгахаас цааш хэтрээгүй. Тодруулбал, анх 2001 онд Киноны тухай хуулийн төсөл боловсруулах санаачилга гаргаж ажлын хэсэг байгуулж байв. Түүнээс хойш хэчнээн төсөл санаачилсан юм бүү мэд. Сүүлийн зургаан жилийн дотор л лав хоёр ч төсөл санаачлан боловсруулсан. Энэ хоёр хуулийн төслийг УИХ-ын сонгууль тулсан үед өргөн барьсан, хэлэлцсэн байдаг юм. Харин энэ удаад шинээр бүрдсэн УИХ хамгийн анхны намрын чуулганаараа Кино урлагийг дэмжих тухай хуулийг төслийг хэлэлцэж байгаа нь уран бүтээлчдийн хувьд хонгилын үзүүрт гэрэл асаасан үйл явдал болж байна.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны маргаашийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буй Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслөөс онцлох заалтуудыг нь танилцууъя.
4.1.2. "монгол кино" гэж кино продюсер нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эсхүл кино зохиолч нь (хамтарсан кино зохиол бичсэн бол зохиолчдын багийн 50-иас дээш хувь нь) Монгол Улсын иргэн эсхүл кино үйлдвэрлэлийн багийн гишүүдийн 50-иас дээш хувь нь Монгол Улсын иргэн эсхүл гадаад хэл дээр бүтээх нь уран бүтээлийн сэдэлтийн зайлшгүй хэсэг болохоос бусад тохиолдолд монгол хэл дээр бүтээгдсэн киног;
4.1.3. "хамтарсан кино” гэж хоёр улсын продюсер хамтран бүтээж байгаа тохиолдолд Монгол Улсын продюсер нийт санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг эсхүл хоёроос дээш улсын продюсер хамтран бүтээж байгаа тохиолдолд Монгол Улсын продюсер нийт санхүүжилтийн 10-иас доошгүй хувийг санхүүжүүлэн бүтээсэн киног хэлнэ.
4.1.8. "кино зуучлагч" (дистрбьютер) гэж зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр киноны эх хувилбар болон хуулбарыг олон нийтэд үзүүлэх, зуучлан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
Олон улсын кино наадамд амжилт гаргасан уран бүтээлчид мөнгөн шагнал олгоно
10.1. Монгол болон хамтарсан кино төслийг жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
10.2. Энэ хуулийн 10.1-д заасан киноны төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд дараахь шалгуур үзүүлэлтийг баримтална:
10.2.1. Монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах эсхүл хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх эсхүл найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан байх;
10.2.2. монгол хэлээр туурвих;
10.2.3. тухайн кино төсөлд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт аваагүй байх;
10.2.4. кино продюсер, найруулагчийн ур чадвар, туршлага, уран бүтээлийн амжилт нь Монгол Улсын болон олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байх.
10.3. Кино төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцохтой холбоотой журмыг Засгийн газар батална.
10.4. Төрөөс авсан санхүүгийн дэмжлэгийг зориулалтын бусаар зарцуулсан этгээдийн кино төслийг шалгаруулалтад оролцуулахгүй.
11.З. Олон улсын кино наадамд амжилт гаргасан уран бүтээлчид Соёлын тухай хуульд заасан мөнгөн шагнал олгоно.
12.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд зураг авалт хийхэд зөвшөөрөл олгоно.
12.2. Энэ хуулийн 12.1-т заасан этгээд нь зураг авалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад дараахь баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргана:
12.2.1. продюсерийн танилцуулга, Монгол Улсын талаас хамтран ажиллах уран бүтээлч, техникийн ажилтнуудын мэдээлэл
12.2.2. ажлын хуваарь, төлөвлөгөө;
12.2.3. байршил, орчин тойронд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх
12.2.4. хуульд заасан бусад.
12.3. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хянан үзэж, 10 хоногийн дотор зөвшөөрөл олгоно.
12.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ хуулийн 12.3-т заасан зөвшөөрөлгүй кино зураг авалт хийхийг хориглоно.
12.5. 3өвшөөрөлд заасан байршил, хугацаа, агуулгыг өөрчилсөн тохиолдолд зөвшөөрлийг цуцална.
12.6. 3өвшөөрөл авсан этгээд түүх, соёлын дурсгалт газар, тусгай хамгаалалттай газар нутагт зураг авалт хийхэд Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмыг баримтална.
12.7. Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Гадаадын иргэн, хуулийн этгээд Монголд кино зураг авалт хийх зөвшөөрөл авахдаа 300-500 мянган төгрөгийн хураамж төлнө
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлтэй хамт холбогдох таван хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьжээ. Тухайлбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Уг хуулийн төсөлд "Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд зураг авалт хийхэд зөвшөөрөл олгоход 300000-500000 төгрөг” гэсэн заалт тусгасан байна. Тодруулбал, манай улсад ирж кино зураг авах хүсэлтэй гадаадын иргэн, аж ахуйн нэгжээс 300-500 мянган төгрөгийн хураамж авч байж зөвшөөрөл олгох юм байна.