Ерөнхий сайд асан Д.Содном: УИХ-ыг 5 жил болгож, Эдийн засгийн хүрээлэн байгуулах хэрэгтэй

180

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв байгуулагдаад 10 жил болж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содномтой ярилцлаа.
-Дэлхийн улс орнууд өрсөлдөх чадварын тайлан гаргаж хөгжлийн бодлогоо тодорхойлоход ашигладаг болсон байна. Энэ туршлагаар ажиллахыг та дэмжих үү?
-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв хэмээх олон нийтийн байгууллагыг санаачлан бий болгоод арван жил ажиллаж байгаа залуучуудын судалгааны ажлын ачаар Дэлхийн 63 улсын өрсөлдөх чадварыг харуулдаг “Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны тайлан“–д Монгол Улсаа хамрагддаг болгосноор Монгол Улс маань хөгжлөөрөө дэлхийн олон улсын хаана нь эрэмблэгдэж байгааг мэдэж чаддаг боллоо. Хаана яваагаа мэдэж байх юунд тэмүүлэх ёстойгоо оновчтой тодорхойлж байх нөхцөл. Өнгөрсөн оны судалгааны дүнгээр Монгол Улсын маань хөгжлийн хурд удаан буюу эрэмблэгдсэн 63 улсаас 62 дугаарт орсон байна. БНХАУ 14-т, ОХУ- 45–д эрэмблэгдсэнийг харахад бид хөрш улсуудаасаа хол хоцрогдсоор.
Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс жил бүрийн тайлан гаргахдаа улс орнуудын Эдийн засгийн тамир тэнхээ, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, Засаглалын үр ашиг, Дэд бүтэц гэсэн дөрвөн хүчин зүйлээр олон зуун шалгуур үзүүлэлтээр тооцоо хийж эрэмбэлдэг бөгөөд тэр нь ямар асуудлыг шийдэх тэмүүлэлтэй байхыг зааж өгдөг ач холбогдолтой юм байна. Дээрх дөрвөн үндсэн хүчин зүйлээр, тухайлбал: манай улс Эдийн засгийн тамир тэнхээгээр 58, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаагаар 61, Дэд бүтцийн хөгжлөөр 62, Засаглалын үр ашгаар 59 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Товчилж дүгнэвэл бидний монголчууд засаглалаа сайжруулж үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, дэд бүтцээ бий болгох замаар эдийн засгаа тамир тэнхээтэй болгож байж сэтгэл хангалуун амьдрах нөхцөл бүрдэх учиртайг энэхүү олон улсын байгууллага хэлж өгч байна. Ийм учраас бодлого, чадварын судалгаа хийж байгаа залуучуудын судалгааны ажил, хөгжлийн хоцрогдлыг арилгах гарцаар дэвшүүлж буй саналыг дэмжиж байна. Цаг алдахгүй шийдэх ёстой тулгамдсан асуудал бол Засаглалыг сайжруулах, хөгжлийн ухаалаг бодлого төлөвлөгөөтэй болох асуудал байгаа.
-Та социализмын үеийн Ерөнхий сайд. Тэр үед улс орон бодит байдлаа яаж дүгнэж, юун дээр суурилж зорилгоо тодорхойлдог байсан бэ? Одоо 30 жилийн хөгжлийн үзэл баримтлал, 10 жилийн хөтөлбөр, Таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөр, Нэг жилийн төлөвлөгөө зохиож ажилладаг болох бололтой. Энэ зөв үү?
-Их Хурлаас энэ оны 5 дугаар сард гаргасан хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль гаргасныг судалсан. Социализмын үед БНМАУ үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж байршуулах схем нэртэй хэтийн хөгжлийн бодлоготой, таван жил болон нэг жилд хэрэгжүүлэх ажлын тодорхой төлөвлөгөөтэй, тэдгээрийг ажил хэрэг болгоход ард иргэдээ идэвхтэй оролцуулдаг байсан. Засгийн газартаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан төрийн захирганы төв байгууллагатай, тэр нь хөгжлөө дүгнэх, зорилтоо тодорхойлох, хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг боловсруулах ажлыг хариуцдаг байсан. Ийм туршлагаа ашиглах байх гэж бодож байсан.
Гэтэл, Шинэчилж гаргасан хуулийг харвал зөвхөн жилийн хугацааны нэг төрлийн төлөвлөгөө зохиож хэрэгжүүлдэг байх, 30 жилийн үзэл баримтлал, 10 жилийн хөтөлбөр, 5 жилийн Үндсэн чиглэл, Засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөр гэсэн хоорондоо уялдаа тааруу, заавал биелүүлэх албагүй олон төрлийн бичиг баримт зохиодог болох, Бодлого төлөвлөлтийн чухал ажлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаа байгуулахгүй юм шиг байна. Ийм учраас гаргаад байгаа хуульд засвар өөрчлөлт оруулах саналтай байгаа.
Тухайлбал “Алсын хараа“ нэртэй Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын хугацаа 30 жил буюу 2050 он гэж байгааг өөрчилмөөр байна. Шинжлэх ухаан технологийн түргэн хөгжил 30 жилийн дараа ямар өөрчлөлт авчирсан байхыг зөв төсөөлж зорилтоо оновчтой тодорхойлох найдвар алга. Гучин жилийн дараа хөдөлмөрийн зах зээл ямар байхыг мэдэхгүй. Биеийн хүчний олон төрлийн хөдөлмөрийг компьютер, робот гүйцэтгэдэг болох бололтой. Олон улсын харилцаанд ямар өөрчлөлт орох, санхүүгийн гүйлгээний олон улсын стандартад, экологийн бодлогын үр дүнд, хууль эрхийн чиглэлд ямар өөрчлөлт гарах бол? Ийм учраас урт хугацааны бодлогоо тодорхойлох хугацааг 10-15 жил болгох саналтай байна. Алсын хараа буюу хөгжлийн алсын зорилгыг болгоох боломжтой цөөвтөр жилийн хугацаагаар тодорхойлбол ард иргэд итгэх, дэмжих магадлал илүү байх болно. Үзэл баримтлал дотор 2050 онд малын тоог 116 сая толгой болсон, төгрөгийн доллартай харьцах ханш 2400 төгрөг байхаар тооцсон зэрэг зөвшөөрөх аргагүй юм харагдаж байсан. Шийдвэр гаргаж байгаа нөхөд ч ажлынхаа үр дүнг гаргаж хариуцлагаа хүлээх боломжтой хугацаа байвал зүйтэй.
- “Алсын хараа“ хөгжлийн үзэл баримтлалыг УИХ өнгөрсөн онд хэлэлцэж баталсан боловч одоо болтол уг үзэл баримтлалаар ямар зорилтууд шийдэх гэж байгааг ард иргэд мэдэхгүй байна. Сурталчлах, хэлэлцүүлэх, идэвх санаачлага өрнүүлэх ажил зохиогдохгүй байгаа учраас үзэл баримтлал маань урьдын хоёр удаагийн шиг төрийн түшмэд цөөн хүнд хадгалагдаж байдаг тунхаглал маягтай бичиг болчих байх.
- “Алсын хараа” гэх урт хугацааны бодлогын баримт бичигт Монгол Улсыг хөгжлөөрөө өрсөлдөх ямар чадвартай болсон байх, эдийн засгийн тамир тэнхээ яаж өссөн байхыг харуулах цөөн үзүүлэлттэй зорилтыг тодорхойлоод, тэдгээр зорилтуудад хүрэхийн тулд хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээнүүдийг дунд хугацааны төлөвлөгөө буюу таван жилийн төлөвлөгөөнд тусгадаг байх нь зүйтэй байдаг.
-Урт хугацааны бодлогын баримт бичигт ямар зорилт тусгах юм бэ?
-Урт хугацааны бодлогоор хэрэгжүүлсэн байх гол зорилтуудад дараах цөөн, тоймтой зүйлүүдийг \таван жилийн хуваарьтай\ тусгаж байх нь зөв:
  • Эдийн засгийн тамир тэнхээ буюу нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлсэн байх хэмжээ,
  • Гадаад зээлийн өрийг багасгах, валютын нөөцийг өсгөх шаардлагын үүднээс экспортын орлогыг нэмэгдүүлсэн байх хэмжээ. Үүний дотор уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний экспортоос олох валютын орлого, мөн аялал жуулчлалаас олох валютын орлого.
  • Ядуурлыг бууруулсан байх, дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн байх хэмжээ.
  • Гадаргын усыг говь хээрийн бүсийн усны хэрэгцээнд зориулж ашиглах, гүний усны нөөцийг хадгалах, усалгаатай тариалантай болох мэт экологийн томхон төсөл байж болох.
  • Урт хугацааны бодлогын цом нь аз жаргалтай иргэд бүхий улс болох. Аз жаргал гэдгийг эрдэмтэд янз бүрээр ярьдаг. Аз жаргалтай байхад өвчингүй, өргүй, ариун сэтгэлтэй тайван байхаас өөр юуч хэрэггүй гэж ярьдаг бол Амьдарч байгаа орчин нөхцөлдөө сэтгэл хангалуун байхыг аз жаргалтай гэж үзэх ёстой гэж ярьдаг. Монгол хүн бүр сэтгэл хангалуун амьдрах ямар нөхцөлийг бүрдүүлвэл зохих талаар судалгаа дүгнэлт гаргамаар байна.
-Дунд хугацааны бодлогын баримт бичигт юуг тусгаж хэрэгжүүлэх вэ?
-Урт хугацааны бодлогоор тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой тодорхой төсөл арга хэмжээнүүдийг дунд хугацааны буюу таван жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлдэг байх ёстой. Жишээлбэл 2021 – 2025 оны төлөвлөгөөнд дараах арга хэмжээ тусгагдаж хэрэгжээсэй билээ. Үүнд:
  • Нүүрс, Төмрийн хүдэр, Зэсийн баяжмал, Газрын тос зэрэг уул уурхайн үйлдвэрийн түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, боловсруулаагүй түүхий эд экспортлохыг хязгаарлах.
  • Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд хөгжүүлэх, тухайлбал ямааны ноолуур сарлагийн хөөврийг 100 хувь ээрсэн утас болгох, малын арьс ширийг 100 хувь боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах,
  • Жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх малыг зарлагадаж байх тухай, дотоодын хэрэгцээнээс илүү гарсан зарлагадах малыг экспортод борлуулах, дотоодын төвлөрсөн хэрэгцээнд болон экспортод гаргах малыг зөвхөн үйлдвэрийн нөхцөлд төхөөрч үйлдвэрт махыг нь боловсруулдаг байх тухай хууль гаргаж, тэр үндсэн дээр ойрын таван жилд мал төхөөрөх, мах боловсруулах 100 үйлдвэрийг гурван сум бүрийн дунд нэг байхаар тооцож байгуулах,
  • Ойрын 10 жилд сум нэг бүрийг мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэртэй болгож малчдад хувьцаа эзэмшүүлэх замаар сумдад ажлын байр бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх. Хөгжилтэй улс орнуудад малыг зөвхөн үйлдвэрийн нөхцөлд төхөөрдөг, гараар төхөөрөхийг хориглосон хууль байдаг гэсэн.
  • Боловсруулсан нүүрс, төмрийн хүдэр зэрэг хэмжээ ихтэй бүтээгдэхүүнийг экспортлохдоо төмөр замаар тээвэрлэдэг болох, Тавантолгой - Гашуунсухайт, Нарийнсухайт – Шивээхүрэнгийн төмөр замыг ойрын хоёр жилд барьж ашиглалтад оруулах.Цахилгаан эрчим хүчний импортыг хэмнэх, гадаадын хамаарлыг багасгах зорилгоор Тавантолгойн уурхайн дэргэд дулааны станц барих, Сэлэнгэ мөрөнд усан цахилган станц барих тухай шийдвэр гаргаж ирэх таван жилд хэрэгжүүлэх гэх мэт.
Ийм маягаар эдийн засгаа тамир тэнхээтэй, өрсөлдөх чадвартай байхад шаардлагатай ажлуудыг таван жилээр төлөвлөж ажилладаг болчихвол Засгийн газар юу хийх гэж байгааг иргэд мэддэг болно. Мөн таван жилээр хөгжлөө төлөвлөдөг хөрш БНХАУ, ОХУ-тай хөгжлийнхөө төлөвлөгөөг уялдуулах талаар санаачлагатай ажиллах нөхцөл бүрдэнэ. Засаглалын үр ашгийг дээшлүүлэх асуудлын хүрээнд бизнесийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон хууль журмыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа. Энэ асуудлын хүрээнд:
1.Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирэхийг Монголын талд ашигтай байх нөхцөлд зөвшөөрдөг бөгөөд тэр нөхцөлүүд ямар байвал зохих талаар хууль журам гаргах,
2.Засгийн газрын шугамаар гадаадаас зээл авах эсэхийг зөвхөн уг зээлээр хэрэгжүүлэх төсөл нь хөрөнгө оруулалтын зардлаа богино хугацаанд нөхөх ашигтай, тэр нь техник эдийн засгийн үндэслэлээр баталгаатай эсэхийг хянаж шийддэг байх,
3.Бизнесийн орчинг баялаг бүтээгч үндэсний хөрөнгөтөн нар олширч байхыг дэмждэг журамтай болох зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй.
Боловсролын системийг боловсронгуй болгох, үүний дотор салбар хариуцсан яам газруудын захиалгаар мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, ажлын байраар хангаж байсан туршлагыг сэргээн хөгжүүлэх хууль журам гаргамаар байна.
-Дунд хугацаанд 10 жилийн хөтөлбөр, 5 жилийн үндсэн чиглэл гэсэн хоёр янзын баримт бичиг гарах, бас Засгийн газрын мөрийн хөтөлбөр байх бололтой. Таны санал?
-Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгээр тодорхойлсон зорилтыг хэрэгжүүлэх зорилготой 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй байх нь зүйтэйг дахин хэлье. Өөрөөр, 10 жилийн хөтөлбөр, 5 жилийн үндсэн чиглэл гэх мэтийн юм хэрэггүй. Таван жилийн төлөвлөгөө байвал заавал биелүүлэх ёстой хууль байх учраас хариуцлагаас зайлсхийх боломж олгосон олон төрлийн хөтөлбөр чиглэл нэртэй юм зохиодог байж болохгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол засгийн эрх авсан улс төрийн намаас Монгол Улсын хөгжлийн Таван жилийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх амлалт байх ёстой.
Энэ бүхнээс үндэслэж УИХ-ын сонгуулийг дөрвөн жил биш таван жил тутам явуулдаг болох нь зүйтэй юм. Ард иргэд Монгол Улсыг хөгжүүлэх бодлого төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээ нэг бүрийг мэддэг, төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээр улс орон яаж хөгжих, аж амьдралд нь хэрхэн нөлөөлөхийг ойлгосон, тийм учраас Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж санаачлагатай хөдөлмөрлөдөг байх нь хамгийн чухал. Энэ бол улс орноо хэрхэн хөгжүүлэхийг, үр дүнд нь аж амьдралаа хэр сайжрахыг сайн ойлгосон, түүний төлөө тэмцлийг манлайлагчид нар ард түмэн дотор олон болж түргэн хөгжих нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан яам байгуулах санал байдаг. Яам байгуулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм биш үү?
-Үндэсний хөгжлийн гэж буруу нэрлэсэн нэг газар бий. Энэ газарт Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцуулья гэсэн ч түүнд чадамж боломж байхгүй. Яам тусгай газар, аймаг нийслэлийн удирдлагуудаас тухайн салбар, нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг зохих шаардлагын дагуу гаргуулан авах, хянах, төлөвлөсөн арга хэмжээний уялдааг хангах, улс нийгмийн ашиг сонирхолын үүднээс өөрчлөх засвар оруулан шийдвэрлэж байх эрх, чадвар энэ газарт байхгүй байх.
Ийм учраас Засгийн газрын бүрэлдэхүүнд Шадар сайдын зэрэгтэй сайд удирдсан Монгол Улсын Хөгжлийн бодлогын яамыг нэн яаралтай байгуулах саналыг би олон жил ярьж байгаа. Зөвхөн энэ нөхцөлд манай улс хөгжлийн урт хугацааны бодлого зорилготой, дунд хугацааны буюу таван жилийн төлөвлөгөө, богино хугацааны буюу жилийн төлөвлөгөөтэй болох чухал ажлыг хариуцсан эзэнтэй болно. Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан яамны дэргэд Эдийн засгийн хүрээлэн байх, түүнд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв болон бусад эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа шилдэг ажилтнуудаас сонгож авсан хүмүүсийг ажиллуулах нь зүйтэй байна.
Эцэст нь хэлэхэд, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийг байгуулсан хүмүүс болон энэ чиглэлээр сэтгэл зүтгэлээ зориулж яваа залуучууддаа 10 жилийн ойн мэнд хүргэж, “Бадамцэцэг барьсан дарьэх” - тэйгээ Монгол Улсаа элбэгжүүлэн хөгжүүлэх ариун үйлс бат оршихыг ерөөе.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.