“Pfizer/BioNTech”-ийн вакцин хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлжээ

504

“Pfizer/BioNTech”-ийн вакцин хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлжээ

 

ВАШИНГТОН.
 /CNN/. АНУ-ын "Pfizer", Германы "BioNTech” компанийн "COVID-19”-ийн вакцин 12-15 насны хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлж буйг эмнэлзүйн туршилтаар тогтоожээ.
"Pfizer/BioNTech” энэхүү туршилтын үр дүнгийн талаарх мэдээллээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт ойрын хугацаанд хүргүүлэхээр төлөвлөж байна. АНУ-д одоогоор уг вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрөөд байгаа юм.
"Эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтад АНУ-д 12-15 насны 2260 хүүхдийг хамруулахад вакцины хоёр тунг хийлгэснээс хойш нэг сарын дараа эсрэг биетүүд хүчтэй хариу урвал үзүүлсэн нь 16-25 настай хүмүүсийнхийг давсан” гэж "Pfizer” мэдээлжээ.  
Судлаачид эмнэлзүйн туршилтад оролцсон 1129 хүүхдэд плацебо буюу идэвхгүй нэгдэл тарихад тэдний 18 нь коронавирусээр халдварлажээ. Харин вакцин хийлгэсэн 1131 хүүхдээс нэг нь ч халдвар аваагүй байна. "Pfizer/BioNTech”-ийн мэдээлснээр, өсвөр насны хүүхдүүдэд илэрсэн зовуурь нь 16-25 насны хүмүүсийнхтэй ижил байжээ. Тухайлбал, тариулсан хэсэгт хөндүүрлэх, сульдах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт "Pfizer/BioNTech” 6 сартайгаас 11 настай хүүхдүүдийг хамруулах эмнэлзүйн туршилтаа эхлүүлж, 5-11 настай хүүхдүүдэд вакцины эхний тунг тарьжээ. Цаашид 2-5 настай, 6 сартайгаас 2 настай хүүхдүүдэд үе шаттайгаар вакцин хийнэ. Энэхүү туршилтад 4464 хүүхдийг хамруулахыг төлөвлөж байгаа бөгөөд үр дүн нь 2021 оны эцсээр гарах төлөвтэй байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>