Хүүхдүүдийг вакцинжуулах талаар хэн юу хэлэв?
Сүүлийн өдрүүдэд илэрч байгаа халдварын ихэнх хувийг хүүхдүүд эзэлж байгаатай холбогдуулан энэ долоо хоногоос 16-17 насныхныг сайн дурын үндсэн дээр "Pfizer” вакцинд хамруулж эхлээд байна. Тухайлбал, өчигдөр COVID-19-ийн 2395 тохиолдол бүртгэгдсэний 561 нь 0-17 насны хүүхэд байгаа юм. Статистик мэдээллээр манай улсад 12-17 насны 292 мянган хүүхэд бий. Хүүхдүүдийн хувьд шинж тэмдэг илрэх нь бага тул халдвар дамжуулах эрсдэл өндөр байна. Тиймээс АНУ, Канад, Франц, Сингапур болон Хонконгод 12-оос дээш насны хүүхдүүдэд "Pfizer” вакцин тарихыг зөвшөөрөөд байгаа билээ. Харин Хятад улсын хувьд дотоодын "Sinopharm” болон "Sinovac” үйлдвэрийн вакцинаар хүүхдүүдээ дархлаажуулахаар төлөвлөж байгаа ба өнгөрсөн долоо хоногт эдгээр вакцинуудыг хүүхдэд хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Хүүхдийн вакцинжуулалтын талаарх экспертүүдийн байр суурийг хүргэж байна.
Pfizer вакцин коронавирусын сэртэнгийн уургийн генийн мэдээллийн RNH гэдэг бодисыг тасалж аваад өөх тосон бүрхүүлд оруулаад хүний биед тарьж байгаа юм. Ингэснээр дархлааны хариу урвал үүсгэнэ.
Хүүхдүүдийг халдвараас сэргийлэхийн тулд нэн түрүүнд гэрээс нь гаргахгүй, гаргасан тохиолдолд аль болох эцэг, эхийн хараа хяналт дор халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, гаднын хүмүүстэй уулзуулахгүй байх шаардлагатай.