Шинэ коронавирусийн эсрэг дархлааг давтан өдөөх тунд "СПУТНИК-V" вакциныг хэрэглэе
Шинэ коронавирусын цар тахал БНХАУ-ын Ухань хотноо 2019 оны 12-р сараас эхлэн дэгдсэнээс хойш 2 дахь жилдээ үргэлжилж225,8 сая хүн халдвар авч, 4.6 сая хүн эндээд байна. Цар тахалтай үр дүнтэй тэмцэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа угаах зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнээс гадна, вакцинаар дархлаажуулахыг чухал зорилт болгон авч үзэж байна. Вакцин нь вирусын сэртэн уургийн эсрэг 79-96%-ийн дархлаа үүсгэж, өвчний хүндрэлээс 93-100% сэргийлж буй юм. Дархлаажуулалт нь дэлхий дахины зорилт болсон өнөө үед улс орнууд хэрэглэж буй вакциныхаа үр дүнг давтан өдөөх тун тарих аргаар дээшлүүлэхээр чармайж байгаа нь шинжлэх ухааны төдийгүй нийгмийн тулгамдсан асуудал болж байна.Энд юуны өмнө нэр томъёог хольж хутгасныг нэг мөр болгон цэгцлэх шаардлагатай байна. Тухайлбал урьд нь сэдээсэн дархлааг дахин өдөөж, өндөр түвшинд хүргэж буй тул дархлааг давтан өдөөх тун гэвэл илүү нийцтэй болох юм. Цар тахлын үед хэрэглэж буй нэр томъёонд өөр ч олон будлиан байна. Жишээлбэл: нэр эрдэмтэн К.Линнейн биологийн ангилалын хувьд шинэ төрөл биш, шинэ зүйлийн коронавирус гэх нь зөв бөгөөд Академич П.Нямдаваа багшийн санал болгосноор албан ёсны нэр нь Амьсгалын Цочмог Халтай хамшинжийн 2-р вирус (АЦХАХ-2) юм[2].