Эрүүл мэндийн байгууллагыг хамгийн ихээр авлигад автсан гэж үзжээ

323

 

Эрүүл мэндийн байгууллагыг хамгийн ихээр авлигад автсан гэж үзжээ

 

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд "Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг 5 дахь удаагаа зохион байгууллаа.

Уг судалгаагаар нэгдүгээрт шударга байдлын үнэлгээг, хоёрдугаарт Монгол Улс дахь авлигын талаарх төсөөллийн талаар судалдаг. Судалгаанд нийт 9850 оролцогч (төрийн байгууллагаас үйлчилгээ авсан 7,440 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 1,550 төрийн албан хаагч, 860 шинжээч), мөн 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулсан байна. Төрийн байгууллагууд 100 оноо авахаас дунджаар 72.9 оноо авсан нь 2019 оноос 1.2 пунктээр буурсан байна. Шударга байдлын үнэлгээг бүрдүүлж буй дэд үнэлгээ тус бүрээр нь авч үзвэл тухайн төрийн байгууллагаас үйлчилгээ авсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын өгсөн үнэлгээ 4.7 пунктээр буурсан бол төрийн албан хаагчдын өгсөн үнэлгээ 0.4 пунктээр, бодлогод оролцогчдын өгсөн үнэлгээ 0.6 пунктээр тус тус өссөн дүнтэй байна.

Гадаад шударга байдлын үнэлгээ 67.0 болж өмнөх үнэлгээний дүнгээс 4.7 пунктээр буурсан нь төрийн байгууллагуудын ил тод, хариуцлагатай байдлын индекс, авлигын индекс буурснаас хамаарсан байв. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчид ил тод, хариуцлагатай байдал буурсан, авлигын шууд болон шууд бус тохиолдол нэмэгдсэн, албан хаагчид төрийн үйлчилгээг хүргэхдээ бусдад дарамт, шахалт үзүүлдэг, ах дүү, танил талынхаа нөлөөнд автдаг, бусдад хууль бусаар давуу байдал олгодог явдал ихэссэн гэж үзсэн байна.

Дотоод шударга байдлын үнэлгээ 81.2 болж 2019 онтой харьцуулахад 0.4 пунктээр нэмэгджээ. Энэ нь Шударга байдлын үнэлгээний дунджаас 8.3 пунктээр илүү байгаа нь албан хаагчид байгууллагынхаа шударга байдлыг сайнаар үнэлж буйн илэрхийлэл юм.

Бодлогод оролцогчдын үнэлгээ 70.4 болж 2019 онтой харьцуулахад 0.6 пунктээр өссөн нь Шударга байдлын үнэлгээний дунджаас 2.5 пунктээр бага байгаа боловч 2015 оноос хойших хамгийн өндөр үнэлгээ юм. Ийнхүү өсөхөд үнэлгээнд оролцогчдын авлигын талаарх төсөөлөл, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзэл зэрэг үзүүлэлтүүдийг сайнаар үнэлсэн нь голлон нөлөөлжээ.

Энэ оны дүнгээр Үндэсний хөгжлийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Эрчим хүчний яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар харьцангуй өндөр оноо авсан бол Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ховд аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамгийн бага оноо авсан байна.

Эрүүл мэндийн байгууллагыг хамгийн ихээр авлигад автсан гэж үзжээ

 

Судалгаанд оролцогчдоос Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийн талаар тодруулахад эрүүл мэндийн байгууллага, шүүх, газрын алба, гаалийн байгууллага, цагдаагийн байгууллага эхний 5-д эрэмбэлэгдлээ. Иргэдийн төлөөлөл эрүүл мэндийн байгууллагыг хамгийн их авлига тархсан институц гэж үзсэн бол албан хаагч, бодлогод оролцогчид шүүхийн байгууллагыг нэгдүгээрт эрэмбэлсэн байв. 

Эрүүл мэндийн байгууллагыг хамгийн ихээр авлигад автсан гэж үзжээ

Судалгаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллөөс Монгол Улсын авлигын шалтгааныг тодруулахад цалин орлого бага, хувь хүний ёс зүйгүй, хэм хэмжээгүй байдал, ядуурал, эдийн засгийн тогтворгүй байдал, хүнд суртал, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладаг байдал зэрэг шалтгааныг хамгийн их дурджээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>