Түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг нийслэл хот хамгаалалтад авлаа
Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монголын ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан оюуны өв төрийн хамгааалалтад байна гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гоожингийн өндөр"-ийн хоёр давхар барилгыг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа юм. Түүхэн дурсгалт барилгын хийц бүтээцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо. Сэргээн засварлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан гүйцэтгэх бөгөөд цаашид музейн зориулалтаар ашиглахаар Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан байна. Мөн барилгын орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Түүнчлэн "Гоожингийн өндөр" хэмээх үл хөдлөх дурсгалыг хууль зөрчиж, бусдын өмчид шилжүүлсэн явдлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулан холбогдох шийдвэрийг хүчингүй болгох юм.
