Чойжин ламын сүм музейн сүүлчийн гуйлт

803

Монголын түүх, монгол хүмүүн мартагдах учиргүй. Учир нь бид дэлхийн долоон тэрбум хүнээс онцгойрох шинж, онгирох түүхтэй ард түмэн. Өөрсдийн түүхээ хайрлан хамгаалж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх нь иргэн бүхний үүрэг билээ.

Харин түүх соёл минь хөсөр хаягдаж, монгол соёл минь мөхөл рүү мөлхөж буй олон асуудал нийгэмд байна. Түүний нэг нь Чойжин ламын сүм музейн барилгын асуудал юм. Тус музей өдгөө 110 нас хүрчээ. Гэвч энэ хугацаанд бүрэн сэргээн засварлалт ороогүй гэж музейн захирал Е.Отгонсүрэн ярьж байв. Тус музейд Монголын шашин соёлын үнэт үзмэрүүд хадгалагдаж байгаа юм. Гэвч засвар хийгээгүй удсаны улмаас музейн барилга муудаж, үнэт үзмэрүүд сүйдэхэд хүрээд байна. Зуны цагт дусаал дусаж, өвлийн цагт хүйтэн байдаг тухай музейн ажилтнууд ярьж байв.

Музейн үе, үеийн удирдлага, албан хаагчид 1950 оноос эхлээд музейгээ сэргээн засварлах ажилд онцгой анхаарч иржээ. Үүний дагуу анх 1957 онд Хятадаас хоёр мэргэжилтэн ирсэн аж. Тэд судалгаагаа хийгээд, 1961 он хүртэл ажилласан байна. Үүнээс хойш хэсэгчилсэн байдлаар засварууд оржээ. Хамгийн сүүлд 2015 онд дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

МУЗЕЙН ҮЗМЭРҮҮДЭД ОНЦГОЙ АЮУЛ УЧИРНА

Музейн захирал Д.Отгонсүрэн “Монголын нэгэн цагийн түүхийг гэрчлэх музейг яаралтай сэргээн засварлах ажлыг эхлэх хэрэгтэй. Хэрэв энэ хэвээр байвал музейн үзмэрүүдэд онцгой аюул учирна. Бид музейн сэргээн засварлалтын зураг төслийг таван жилийн хугацаанд гаргасан. Үүнийгээ ном болгож хэвлүүлээд удаагүй байна” гэсэн юм. Одоогоор Чойжин ламын сүм музей Захиргаа аж ахуй, сан хөмрөг, эрдэм шинжилгээ гэсэн бүрэлдэхүүнтэй.

Музейд түүх шашин, соёл урлагийн үнэт өв болох 6,000 гаруй үзмэр хадгалагдаж байна.Музейн захиргаанаас сэргээн засварлалт хийлгэх саналыг удаа дараа гаргасан боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй явсаар уджээ. Музей рүү ороход хүйтэн, гэрэл муутай орчин угтсан юм. Зарим будаг нь халцарчээ. Тус музейн ихэнх үзэгчид нь жуулчид аж. Гадны хүн орж ирэхэд ядахдаа л сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц орчин дутагдаж байгаа нь үүднээс нь эхлээд ажиглагдаж байв.

Дэлхий нийтээр даган мөрддөг музейн байрны тусгай стандарт гэж бий. Харин тус стандартад нийцсэн байртай музей манайд тун цөөхөн байдаг аж. Тиймээс харьяа яам, төрийн байгууллагууд яаралтай анхаарал хандуулах цаг болжээ. Энэ асуудлыг хөндөхөд Монголд сэргээн засварлалтыг хэрхэн хийдэг, хуулинд юу гэж заасан байдаг тухай хөндөх учиртай.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 46-р зүйлд “Соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төслийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн гэрээгээр гүйцэтгэнэ” гэж заажээ. Тэгвэл сэргээн засварлалт хийдэг мэргэжлийн инженер манайд тун ховор байдаг нь хөндөх асуудлын нэг яах аргагүй мөн билээ.

СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН АРХИТЕКТОРЫН TOOГ НЭМЬЕ

Дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх архитектор З.Оюунбилэг “Монгол Улсад 1971 онд Соёлын зүйлийг хамгаалах хууль гэж батлагдсан. Хуулийн дагуу Соёлын яамны харьяа Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах сэргээн засварлах байгууллага гэж байгуулагдсан боловч 1995 онд хувьчлагдсан. Энэ хугацаанд Монголын нутаг дэвсгэрт байгаа түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах ажлыг хийсэн байдаг. Харин өнөөдрийн байдал эсрэгээрээ. Энэ мэргэжлээр сурах хүүхэд тун цөөхөн байгаад харамсаж байна. Мэргэжлийн архитектор ховордсон” гэсэн юм.

Үнэхээр сэргээн засварлах архитектор цөөхөн бол түүхэн дурсгалт барилгууд хэн нэгний гар хүрэлгүй сүйдэх нь дамжиггүй. Тиймээс энэ мэргэжлээр яаралтай боловсон хүчин бэлтгэх шаардлага нийгэмд тулгараад байгаа юм. ШУТИС-ийг зорилоо. Тус сургуулийн архитектурын салбарын багш, мэргэшсэн архитектор, сэргээн засварлагч магистр Б.Бизъяасүрэн“Нийгэмд сэргээн засварлагч мэргэжлийг үнэлдэггүй. Тиймээс энэ мэргэжлийг сонгох хүүхэд бага байна. Сэргээн засварлалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байгааг энэ салбарынхан ярьдаг.

Мөн улсын хэмжээнд сэргээн засварлагчийг бэлтгэж байгаа сургууль, олон нийтийн байгууллага, төсөл хөтөлбөр алга. 2018 оноос манай сургууль дурсгалт барилгыг сэргээн засварлах мэргэшсэн архитекторуудын сургалт зохион байгуулж эхэлсэн. Үүнээс өөрөөр мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хийгдэж байгаа ажил үгүй. Олон улсын жишгээр архитектор мэргэжилтэй хүмүүсийг сэргээн засварлагчаар мэргэшүүлж бэлтгэдэг юм билээ” гэсэн юм.

Монголын соёл урлаг, цаашлаад түүхийн дурсгалт барилгын асуудал энэ мэт хөсөр хаягдаад удаж байна. Энэ асуудлын яаралтай шийдэж, нэн даруй мэргэжилтнүүдийг бэлтгэхгүй бол монгол соёл мөхлийн ирмэгт ирээд буйг Чойжин ламын сүм музейн барилгын асуудлаар хөндлөө.

 

Ikon.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>