Хүнд нөхцөлд “хүнд” сайдын хэрэг алга

305

Хүнд нөхцөлд “хүнд” сайдын хэрэг алга

 

Цар тахлын хүнд нөхцөл, хөл хорионы хоёр шахам жилд монголчууд бид юу ч хийж чаддаггүйгээ нэгэнт харууллаа. Тийм учраас төр ч, ард түмэн ч дор дороо нэгийг бодож, хоёрыг тунгаав бололтой. Харин юу ч ойлгоогүй үлдсэн хүн гэвэл нийгмийн гол салбар болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд гэдгийг олон нийт онцлов.
Хамгийн наад захын жишээ нь төрийн өмчит компанид хамгийн чухал ажлын бээлий тасарч, ажилчид нь улаан гараараа хүнд нөхцөлд ажиллах хэмжээнд хүрчээ. Тиймээс хувийн хэвшил, зарим оёдлын цехэд хандан бээлий оёулсан ч хангаж чадаагүй гэдгийг эх сурвалж хэлэв. Учир нь аж ахуйн нэгжүүд нь мөнгө байхгүйгээс их хэмжээгээр үйлдвэрлэл явуулах боломжгүй гэх хариултыг өгчээ.
Мөн улаанбаатарчуудын өдөр тутмын хэрэглээ болсон боловсруулсан түлшийг савлах шуудай байхгүй хөглөсөн гээд дурдаад байвал олон зүйл бий. Ийнхүү нийслэлийн гэр хороолол хөлдөхдөө тулж, Хятад руу олон сая шуудай захиалсан ч хил гаалийн байдлаас болон орж ирэхгүй удсан гэдгийг ч бид мэднэ. Үүнээс гадна өргөн хэрэглээний хүнс, барааны бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт гэх мэтээр нийгэмд олон зүйл өрнөж байна.
Үүнээс харагдаж байгаа зүйл гэвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэддээ очихгүй байна гэх.
Мөн салбарын сайд энэ тал дээр тодорхой бодлого гарган ажиллаж чадахгүй байна гэдгийг сануулах болжээ.
Магадгүй юм. Хэрвээ энэ сангаас олгодог мөнгө жинхэнэ эзэд, үйлдвэрлэгчиддээ хүрсэн бол бээлий үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хэдэн зуун мянга, хэдэн саяар нь үйлдвэрлэж, дутагдаж байгаа компани, иргэдэд хүргэх боломж дүүрэн байсныг хэлж байна. Ядахад л түлшнийхээ шуудайг үйлдвэрлэдэг байсан бол нийслэлийн иргэд гал алдаж суухгүй байв.
Бидэнд гашуун туршлага бий. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд 40 шахам УИХ-ын гишүүн нэр холбогдож, гурав нь шүүхээс ял сонссон бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нэгэнтээ тодорхой мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг албан тушаалаасаа огцорч, арга хэмжээ авахуулж байсныг ч санаж байгаа. Гэтэл энэ цагаас хойш даруй гурван жил өнгөрч байхад нөхцөл байдал хэвээрээ байгааг юу гэж ойлгох вэ.
Үүнээс хойш Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг, дунд үйлдвэрийн газар болгосон.
Хэрдээ л яамнаас холдуулж, бие даалгаж байгаа ч нөхцөл байдал хэвээрээ байгааг харууллаа. Үүнийг салбар яамнаас өрх тусгаарлах замаар агентлаг газар болгосон ч тус газар нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа агентлаг газар учраас үе үеийн сайдын ашиг сонирхлын талбар болж ирсэн нь дээрх хоёрхон жишээн дээрээс харж болно. Өдгөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан гэж бизнесийн сал­бараас ажлынхаа гарааг эхлүүлж, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан нэг нөхөр томилогдсон нь салбарын ажлыг унагааж байна гэх шүүмжлэл ч дагах боллоо.
Ямартай ч сайд маань хүнд нөхцөлд ганц бээлийний үйлдвэр байгуулсангүй, ганц шуудай ч үйлдвэрлэх боломж олгосонгүй гэд­гийг өнөөдрийн нөхцөл байдлаас харж болно.
Уг нь салбарын сайд бодлого гаргаад ганц шуудайны үйлдвэр байгуулахад төдийлөн их хөрөнгө гарахгүй. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайд нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг зөв газарт нь хуваарилсан бол ганц ч атугай бээлийний үйлдвэртэй байх байв. Цаашид ч цар тахал, түүний халдварын дэгдэлт байсаар байх болно гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэж байна. Гэтэл бид ганц ч үйлдвэргүй, ганц үйлдвэр бариулчих бодлогогүй сайдтай амьдарсаар байх уу. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт бүтэлгүй сайд нар цөөнгүй бий.
Харин З.Мэндсайхан шиг бодлогогүй, хөдөлгөөнгүй сайд байхгүй л болов уу. Эрх баригч намаас “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулан төлөвлөгөөгөө ард түмэнд танилцуулсан. Гэтэл энэ том бодлогод бүү хэл өдөр тутмын ажилд ч тэнцэхгүй сайд байгаагаа хүнс, хөдөө аж ахуйн сайдаасаа харчих. Энэ мэт сайдаа цэвэрлэж байж цааш том том бодлого ярихгүй бол хэзээ ч бүтэхгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>