Г.Занданшатар “аварга” ЖДҮ-чин болсон гэв үү

462

Төр, засгийн өндөр сэнтийд заларсан улс төрийн хүрээллийнхэн улс орноо өөд нь татахаасаа илүү өөрсдийнхөө хар амийг хоохойлон идэж уухын дон шүглээд байгааг олон жишээ баримт дэлгэж нуршихгүйгээр зөвхөн Жижиг дүнд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд нь дөч тавиараа нийлэн хамгийн бага хүүтэй зээл авч тансагласан хэргийн талаар ярихад хангалттай юм. Энэ талаар сонирхуулахад, сүүлийн үед тэдний шинэ шинэ баримтууд гарч ирсээр байгаа ажээ.

Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа тус сангаас өөрийнхөө танил талын хүмүүсийн компаниудад хамгийн их зээл зуучилж авч өгснөөрөө толгой цохиж байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл нь сүүлийн жилүүдэд жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгч нартаа хүрдэггүй, ажилгүй олон хүнийг ажлын байраар хангах, өндөр үр ашигтай ямар ч сайн төсөл хийсэн эгэл жирийн бизнес эрхлэгчид тэрхүү зээлээс авч чадахгүй болоод байгаа нь Г.Занданшатар мэтийн эрхтэн дархтангууд дээгүүрээ сэмхэн ярилцаад “арын хаалгаар” ах дүү, найз нартайгаа хувааж хүртдэг болсонтой холбоотой юм. Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ын гишүүд нь 2018 онд хоёр удаа жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдэлд байсан ЖДҮХС руу баахан бичиг цаас чулуудан өөрийнхөө компани юм уу, эсвэл ах дүү нарынхаа компанийг “шахсан”  байлаа

Тухайн үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн таван ажилтны хамтаар гол буруутан болж, яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Гэтэл төрийн өндөр албан тушаалаараа далайлган бөөн дарамт учруулан бичиг илгээж, “Энэ компанийг л дэмжиж зээл олгоорой” гээд байсан Г.Занданшатар нарын зэрэг эрх мэдэлтэнгүүд нь ямар ч гэм зэмгүй үлдэх гээд байгаа нь шударга ёсонд яав ч нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, хэзээ хэзээгүй яллагдах болчихоод байгаа сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн хэдэн ажилтнууд нь бусдынхаа золиос болж ял сонсох учиргүй. Гэтэл ЖДҮ-гийн хэрэг хэмээгдэх болсон тэрхүү бүлэг хэрэгт УИХ-ын олон гишүүн холбогддог бөгөөд тэдгээр гишүүдээс хамгийн олон компанийг “санал болгож” шахсан хүн нь Г.Занданшатар гэдгийг учир мэдэх хүмүүс  баараггүйгээр нотолж байна. Тэрээр нийтдээ арван компанийг ЖДҮХС-д зуучлан “шахаж” байжээ. Тодруулбал, түүний байнгын “халамжинд” байдаг “Асрал”, “Эмийн үйлдвэр”, “Дүүрэн гэгээ”, “Путь”, “Хөх цэнхэр нуур”, “Жигүүр богд”, Кайф тест”, “Үлэмж номин”, “Эрдэнэс”, “Ди Жи Монгол” компаниуд ЖДҮХС-аас зээл авахаар болсон юмсанж. 

Тус сангийн зээлийг 2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг хоёр удаа тушаал гарган олгосон байдаг. Том, жижиг дарга нар нь эдгээр зээлийг хаврын ба намрынх хэмээн ялгаж тодотгох ажээ. Хаврынх нь сонгон шалгаруулалтад Г.Занданшатар “Асрал”, Эмийн үйлдвэр, “Дүүрэн гэгээ”, “Жигүүр богд” компанийнхаа эздэд тал засан нэрсийг нь бичиж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам руу илгээжээ. Ингэхдээ Б.Батзориг сайдтай нь биеэр уулзаж албан бичиг гардуулсныг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг тэр өдөртөө хүлээж аваад сайдынхаа тушаалд оруулан “Асрал”, Эмийн үйлдвэр, “Дүүрэн гэгээ” компаниудад нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас олгуулсан байв. Харин “Жигүүр богд” компанийг нь зээлд хамруулалгүй үлдээчихсэн байлаа. Энэ компанид уг нь 450 сая төгрөгийн зээл олгуулахыг Г.Занданшатараас гадна бас УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нь хүртэл гуйж, шаардаж байсан боловч хаврын зээлийн жагсаалтаас сугалж хаясанд сайд асан Б.Батзориг бухимдаж, С.Төгсбилэгийгээ загнаж нэг үзээд, сүүлдээ “Чамд алсдаа хэрэг болох чухал хүмүүс шүү. Зээлийг нь бүтээж өг” хэмээн ятгаж эхэлсэн гэдэг. Гэлээ ч гэсэн “Жигүүр богд” компани нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд “Муу” гэсэн үнэлгээтэй бүртгэгдэн, хар дансанд орчихоод байсан тул яах ч аргагүй талаар сайддаа баримт нотолгоотой нь цуг танилцуулж, хориг тавьсаар зээл олгоогүй ажээ.

Мөн дараа нь намрын төсөл сонгон шалгаруулалтад Г.Занданшатар өнөөх арван компанийнхаа үлдсэн хэдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Энхбатаар дамжуулан шахсан байлаа. Д.Энхбат нь нэг өдөр ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг дуудан гар утасныхаа мессежийг харуулан уншаад “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын ирүүлсэн эдгээр компанийн нэрсийг бичээд ав” гэжээ. Тухайн үед Г.Занданшатар нь Д.Энхбатад дахиад өнөөх “Жигүүр богд” команиа санал болгосноос гадна “Кайф тест”, “Үлэмж номин”, Эрдэнэс”, “Хөх цэнхэр нуур”, Ди Жи Монгол”, “Путь” гэдэг команиудынхаа нэрсийг мессежээр явуулсан байжээ. Харин Д.Энхбат дараа нь С.Төгсбилэгт “Эдгээр компаниудаас зайлшгүй шалгарч зээл авах ёстой нь “Путь”, “Хөх цэнхэр нуур”, “Ди Жи Монгол” гэсэн гурван компани юм шүү. Энэ гурвыг нь шалгаруулаад сайдын тушаалд оруулаарай” гэжээ. Ингээд тэрхүү гурван компани нь “шалгарч” тус бүр 200-300 сая төгрөгийн зээл авсан байв. Г.Занданшатар ийнхүү бусад ЖДҮ-чин гишүүдээсээ хамгийн олон компанид үйлчилж “аварга ЖДҮ-чин” болсон түүхтэй ажээ. 

 

О.Баяр

Эх сурвалж: shuurhai.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>