Ч.Хүрэлбаатар эрх мэдлээ ашиглаж, "Таванбогд" группийн Ц.Баатарсайханд Хөгжлийн банкнаас зээл олгосон уу?

383

Ч.Хүрэлбаатар эрх мэдлээ ашиглаж, "Таванбогд" группийн Ц.Баатарсайханд Хөгжлийн банкнаас зээл олгосон уу?

 

Монгол Улсын хөгжил нөлөөлөхүйц, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн 55% нь чанаргүй зээлийн ангилалд багтсан асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Улс төрд нөлөө бүхий эрхэмүүд хэдэн тэрбумаар нь зээл авч бизнесээ цэцэглүүлдэг ч эргүүлж төлдөггүй нь шударга бус. Хэн эрх мэдэлтэй байна түүний хамааралтай бизнес төрөөс санхүүжиж байдаг. Тухайлбал "Таванбогд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы бизнес Чимидийн Хүрэлбаатарын албан тушаалтай шууд хамааралтай байгаа нь Хөгжлийн банкнаас авсан зээлээс нь тодорхой харагдаж байна.
Тодруулбал, Чимидийн Хүрэлбаатар 2017 онд Сангийн сайдаар томилогдсон. Энэ цагаас эхлэн Цагаачийн Баатарсайханы "Таванбогд” трейд компаниараа дамжуулан хувь эзэмшдэг Говь, Гоёо үйлдвэрүүд болон Хаан банк зээл авч эхэлсэн. 2017-2020 оны хооронд Хөгжлийн банк Говь компанид долоон удаагийн зээлээр 149,771,920,000 төгрөг олгожээ. Мөн Говь компанийн хувьцаа эзэмшдэг Гоёо компанид 2018.06.05-ны өдөр 30,360,000,000 төгрөгийн зээл олгосон байна. Үүгээр ч зогсохгүй 2017-2021 оны хооронд Ц.Баатарсайхан 40 хувийг нь эзэмшдэг Хаан банкинд Хөгжлийн банкнаас 14 удаагийн зээлээр нийт 122,830,642,065 төгрөг олгосон байна.
Говь, Гоёо, Хаан банк гэсэн гурван компанид нийт 302,962,562,065 төгрөгийн зээл олгожээ. Энэ их хэмжээний зээл олгогдох хугацаанд Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байсан юм. Товчхондоо, Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд байдаг. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болмогц харъяанд нь байдаг Хөгжлийн банк Ц.Баатарсайханы бизнест их хэмжээний зээл олгож эхэлдэг. Он цаг хугацааг нь харьцуулж, үйл баримтыг нягтлахад ийм давхцал гарч байна. Гэхдээ Ч.Хүрэлбаатар Ц.Баатарсайхантай нэг ашиг сонирхолтой гэдгээ чандлан нууцладаг. Гэхдээ Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга нь Ц.Баатарсайхантай хамт "Би Жи Пит’’ компанийг 2010 оноос хойш эзэмшиж байгаа. Энэ компаниараа Дундговь аймагт хайгуулын лиценз хүртэл авч байсан баримтууд нь бий.
Мөн Хаан банкны 60 хувийн хувьцааг "Таванбогд” групп компанид заруулах "шахалт’’-ыг Японы хөрөнгө оруулагчдад үзүүлж байсан хэрэг нь одоо АТГ-т шалгагдаж байгаа. Дээрээс нь Сангийн сайд болмогц Хөгжлийн банкнаас Ц.Баатарсайханд зээл олгож эхэлдэг нь санаандгүй тохиолдол биш.
Тэгэхээр Ч.Хүрэлбаатар Ц.Баатарсайхан нар бизнесийн ашиг сонирхол нэгтэй гэдэг нь үйлдэл болон баримтуудаар нотлогддог. Энэ хамтралаараа төр болон санхүүгийн салбараас багагүй ашиг олдог гэдэг нь харагдаж байна. 302,9 тэрбум төгрөг гэдэг нь ЖДҮХС-ийн зээл гэх албан тушаалын гэмт хэргээс 318 дахин их хэмжээтэй зээлийг Ч.Хүрэлбаатар гишүүн хамаарал бүхий компанидаа Хөгжлийн банкнаас олгосон гэсэн үг.
Sonin.mn 
https://sonin.mn/news/peconomy/127754

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>