Оросуудын сөрсөн базаа
Улс гүрнүүд бие биенээ эдийн засгийн хувьд хамааралтай, хараат болгох бодлого явуулдаг нь нууц биш. Энэ нь орчин үед хүчирхэг улсуудын хувьд бусдаасаа давамгай байдлыг олох хамгийн үр дүнтэй арга технологи болсон. Аливаа улсын эдийн засгийг нь атгавал улс төр, нийгэм нь шууд дагаад ороод ирнэ. Чухам энэ л сонгодог аргаар барууны хүчирхэг улсууд бусад улсуудыг өөрсдөөсөө хараат болгон, шууд болон шууд бус байдлаар төр засгийг нь залж эд баялаг, эдийн засгийг нь өөрсдийн эрх ашигт нийцүүлэн удирдсаар ирсэн. Тодорхой үзэл баримтлалыг тухайлбал неолиберал, "чөлөөт” зах зээл гэх бодлогыг сурталчилах, тархинд нь суулгах замаар эдийн засгийг нь хараат болгох явдал хамгийн түгээмэл. Энэхүү үзэл суртал, бодлогоо онилсон улсынхаа боловсролын ситемээр нь дамжуулан оюун санаанд нь суулгах ба мөн янз бүрийн төрийн бус байгууллагуудыг зэмсэг болгон ашигладаг шалгарсан технологитой. Бид барууны болон өндөр хөгжилтэй бусад улсуудын төрийн бус байгууллагууд, тусгай сангуудыг Конрад Аденаурын сан, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн, Ардчилалын сан, (National Endowment for Democracy), Соросын сан, Жайка гэх зэрэг жишээгээр мэднэ.
Тухайлбал, "Байгаль экологийн тэнцвэр” гэх үзэл баримтлал Европод хүчтэй яригддаг, үүний төлөө тэнд олон төрийн бус байгууллагууд (ТББ) ажилладаг бөгөөд эдгээр ТББ-уудыг Оросууд санхүүжүүлэх замаар барууны улсуудад зөвхөн Оросын гаргадаг байгальд хамгийн ээлтэй цэвэр газ хийг хэрэглэх бодлогыг хүчтэй сурталчилж, төрийн бодлогод нөлөөлж Европын олон орныг Оросын үнэнч хэрэглэгч болгосон хэмээн судлаачид үзэж буй аж. Тэдний үзэж буйгаар Оросууд 90 орчим сая долларыг Европын холбооны байгаль орчны төлөө ТББ-ууд, тэмцэгчдэд өгч Европын холбооны эрчим хүчний бодлогод нөлөөлж чадсан аж.