“Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонговол парламентын засаглал утгагүй болно”
Өнөөгийн бидний оршин тогтнохын баталгаа бол Үндсэн хууль юм. Тэгвэл өнөөгийн мөрдөж буй Үндсэн хуулийг тэртээх 1992 батлах үеийн хэлэлцүүлгийн протоколыг гол болгосон "Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть саяхан хэвлэлтээс гарчээ. Ерөнхий сайд, мэргэжлийн чадварлаг хуульчид хамтран энэхүү 12 ботийг эмхэтгэн нийлүүлжээ. Уншиж танилцахад ихэд сонирхолтой аж. Уг "эх сурвалж”-ийн нэгдүгээр ботид "АИХ-ын анхдугаар чуулганы баримт бичгүүд”, 2-3 дугаар ботид "Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн УБХ-ын хавар, намрын хоёр чуулганы протокол”, 4-5 дугаар ботид "АИХ-аар хэлэлцсэн Үндсэн хуулийн Ерөнхий хэлэлцүүлгийн протокол”, 6-7 дугаар ботид "Үндсэн хуулийн 1-2 дугаар бүлэг буюу Монгол Улсын бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний хэсгийг хэлэлцсэн АИХ-ын протокол”, 8-10 дугаар ботид "Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэг буюу Төрийн байгуулал, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүх эрх мэдлийн тухай хэсгийг хэлэлцсэн АИХ-ын протокол”, 11 дүгээр ботид "Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэг буюу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай асуудлыг хэлэлцсэн АИХ-ын протокол”, 12 дугаар ботид "Үндсэн хуулийн Тавдугаар бүлэг буюу Үндсэн хуулийн цэц болон бусад хэлэлцээгүй үлдсэн асуудлуудыг хэлэлцсэн АИХ-ын протокол, Үндсэн хуулийн батлагдсан эхийг АИХ-ын депутатуудад уншиж сонордуулсан протокол” тус тус багтжээ.
Энэ удаад АИХ-ын депутатууд Ерөнхийлөгчийг яагаад бүх ард түмнээс сонгох нь зүйтэй хэмээн шийдсэн талаар сонирхлоо. "Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж”-ийн наймдугаар ботид энэ талаарх протокол нийтлэгдсэн байна. 1991 оны арванхоёрдугаар сарын 6-нд АИХ-ын депутат Ч.Хурц, О.Дашбалбар нарын саналаар "...Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог болох” асуудлыг АИХ-ын чуулган хэлэлцжээ. "...Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгоё” гэдэг саналыг 217 депутат буюу 66 хувь нь дэмжиж, 91 депутат буюу 28 хувь нь татгалзаж, 19 депутат буюу зургаан хувь нь түдгэлзжээ.
Харин Б.Чимид гуай "...Хэрвээ ард түмэн Ерөнхийлөгчөө сонгож, шууд ганц шаттай сонгууль хийх юм бол Монгол Улсыг ямар улс гэх вэ. Парламентын гэх үү, Ерөнхийлөгчийн засаглалтай гэх үү” гэж санаачлагчдаас асуухад Ч.Хурц "...Парламентынх гэж үзнэ үү, Ерөнхийлөгчийнх гэж үзнэ үү, тэрнийгээ өөрсдөө шийднэ биз. Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгуулья, ард түмний засаглал учраас ард түмэн төрийнхөө эзэнтэй болъё л гэж хэлж байгаа үг” гэсэн хариултыг өгчээ.