“Есү трейд” барилгын компанийн ашгийн төлөө улайрсан тактик

441

“Есү трейд” барилгын компанийн ашгийн төлөө улайрсан тактик

 

Орон сууцанд амьдрах иргэдийн хүсэл дээр тоглолт хийх барилгын компаниудын арга улам нарийсч байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс нэгэн жишээг авч үзье. Барилгын компаниуд цар тахал, үнийн өсөлт гэх мэт шалтгаанаар өнөөдөр байрны үнээ дор хаяж 2 дахин нэмээд байна. Бидний хөндөж буй асуудлын гол нь тухайн барилгыг ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэж өгөхөөс өмнөх нөхцөл байдал хүлээлгэж өгсний дараа эрс өөрчлөгдсөнд байгаа юм.

 

Анх барилгын ажлыг эхлүүлэхдээ батлуулсан зураг төсөл дээрээ нийтлэг хэллэгээр коридор буюу нийтийн эзэмшлийн талбайн зай хэмжээ том, саруулхан, ер нь оршин суугчдын таатай бүхий л нөхцлийг хангасан байдлаар төлөвлөсөн байдаг. Байрны талбайн хэмжээ мөн хэд хэдэн төрлийн сонголттой. Орон сууц худалдан авч байгаа иргэн тухайн м.кв-ыг үнийн дүнгээр нь тооцож, өөрсдийн боломжид тулгуурлан худалдан авалт хийх нь тодорхой. Гэтэл улсын комисс барилгыг хүлээж авсан даруйд айлуудын байрны талбайн хэмжээнд өөрчлөлт орчихсон, өөрөөр хэлбэл комисст хүлээлгэж өгөхдөө дахин хэмжилт хийлгэсэн байх жишээтэй. Ингээд оршин суугчдын байрны үнэд дагаад өөрчлөлт орчихно. Жишээ нь анхнаасаа 54 м.кв гэж тооцоод худалдаж авсан байр нь 60 м.кв болчихсон учраас зөрүү 6 м.кв-ын төлбөрийг төлөх шаардлагатай болно. Байр нь томрох тусам сайн л биз хэмээн бодож байвч тухайн зөрүүг өнөөдрийн ханшаар нь тооцож авах юм гэнэ. Энэ шударга явдал уу? 

 

Бас нэг асуудал нь комиссын шалгалтын дараа нийтийн эзэмшлийн зай талбайг шахаж багасгаад түрээслүүлэх талбайгаа томруулж байгаа нь ердөө цэвэр ашгийн төлөөх улайрал.

Энэ бол “Есү трейд” ХХК-ийн Алтанбогд хотхонд болж буй бодит нөхцөл байдал. Үүгээр зогсохгүй автомашины зогсоол буюу нэг гаражийг 40 сая төгрөгөөр борлуулахаар тооцсон байдаг. Гэтэл улсын комиссын шалгалтын дараа гаражуудын ард агуулах нэрээр жижиг тасалгаа гаргаад, түүндээ дахин үнэ тогтоожээ. Ингээд нэг машин гүйцэт орж багтахааргүй болсон зогсоолыг заавал ард талын агуулахтай нь худалдаж авах шаардлага тавих болж.

 

Энэ мэтчилэн гипсэн хавтанг нааш цааш нь хэд зөөгөөд л тэд илүү их ашиг олж, түүнд нь оршин суугчид хохирч байгааг дуугүй өнгөрч боломгүй юм. Иргэд ч дуугүй өнгөрөөж болохгүй. Хянаж шалгадаг ШӨХТГ, МХЕГ, НМХГ гэх мэт мэргэжлийн байгууллагууд нь заавал гомдлын дагуу шалгана гээд хөдөлдөггүй. Энэ нь "нөгөөдүүлд" бөөн боломж олгодог нийтлэг дүр зурагтай болоод байна. Орон сууц худалдан авахаар төлөвлөж буй олон хүмүүс бий. Нэгэнт энэ төрлийн эрэлт их байгаа учраас бид жишээ татан сэрэмжлүүлэг хүргэлээ.

Хэрэв та орон сууц худалдан авах гэж байгаа бол яг одоо барилгын компаниас нь шаардлагатай мэдээллийг тодруулан лавлаарай. Эсвэл шинэхэн сууцандаа тухлаад удаагүй байгаа бол иргэний зүгээс энэ төрлийн хяналтыг байнга тавьж, асуудал үүсвэл холбогдох албанханд хэлж шалгуулж эрхээ хамгаалаарай гэдгийг захиж байна.

BOLOD.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>