Талын хүү арлын оронд дахиад л цуу тарьлаа
Нам жим нь дэндсэн долдугаар сарын унтаа уур амьсгалыг эвдэж, Монголын үлэмж биетэн Нагоя башёд түрүүлсэн баярт мэдээг бид хоёр хоногийн өмнө сонсов. Тэр сумогийн дээд зиндаанд анх удаа түрүүлж байгаа нь энэ. Монголчууд олимпын аварга шигээ сумодоо сүйд болохгүй л юм. Эсвэл "Ичко ч угаасаа тодорхой доо” гэж түүний бяр тэнхээ ялалтад бүр дөжирч, байдаг л нэг баяр мэт хүлээж авдаг болсон байж ч мэдэх юм. Юутай ч бөхийн орон гэгддэг Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул домогт Вандан аваргын удмаас гаралтай тэр өнөөдөр ч босоо байж, талын хүү арлын оронд дахин цуу тарьлаа. Мөр зэрэгцэж, хүч, бяр тэнцүүхэн нөхдөө ч шидлээ. Их ч бяр, их ч ухаан юм, тэр. Аав, ээж нь магнай тэнийж, уул ус нь өндөлзөн баярлаж суугаа байх. Одоогоос 12 жилийн өмнө арлыг зорьж, их сумогийн спортод эргэлт буцалтгүй орсон тэр өдгөө 12 жилийн дараа Нагоя башёд ийнхүү манлайллаа.
-АДУУНД ЭРЭМГИЙ ААВЫН ХҮҮ-
Тэр аав, ээжийгээ, бор гэрээ, талын уудамд сүрэглэн бэлчих хонин сүргээ, багшралдсан их адуугаа санаж, зүүдэлдэг нь лавтай. Хааш л харна, хана хаалга болсон өндөр барилгын оронд тэр давчддаг ч дассан байх.
Учир нь, тийм л ахуйд өсөж, тэндээс л бяр тэнхээгээ бэхэлсэн адуунд эрэмгий аавын хүү шүү дээ. Эх нутаг нь түүний дотор лав хэдийнэ тэр чигээрээ сууж, бууж, сэтгэл зүрхээрээ бол нутагтаа л байж байгаа болов уу. Аваргын удамтай, өсгөлүүн биетэй жаахан хүү байхдаа тэр бөх болохыг, сумогийн их дэвжээнд гарахыг мөрөөдөж яваагүй ч бяр тэнхээтэй, барилдах дуртай, цаанаасаа дөртэй байсан нь хонь, адуугаа хариулж, адуу малтай ноцолдон өдрийг бардаг байсан тухай ярианаас эрхгүй мэдрэгддэг. Аав нь энэ тухай хэвлэлд өгсөн яриандаа "Эмнэг адуутай ноцолдохдоо их сайн. Зүтгэдэг адуу уургалчихаад эргүүлээд л ирнэ. Шуундаа их бяртай шиг байгаа юм. Барилдахдаа хүртэл бяраар ааглаж барилддаг хүүхэд байсан. Хоёр гар нь шуудганд хүрсэн л бол татаж, гаргаж ирээд давчихна. Мөн бусгаж хавирахдаа их сайн” хэмээн өгүүлсэн байна лээ. Хүүгээ ер ингэж шинжиж, хүч, бярыг нь таньсан байгаа юм. Мэдээж аав нь хүүгээ хэн хүнээс илүү мэдэж, гадарлана байх. Төө биетэй байхаас нь эхлэн өдөр өдрөөр өсөж, том болохыг нь харж байгаа аав, ээж л хүүгээ ямархан эр бяр нь задарч, дэвэрч байгааг андахгүй нь мэдээж.
-ҮЕИЙНХНИЙГЭЭ "НУДАРЧИХААД” АРЛЫН ОРНЫГ ЗОРЬСОН ГЭДЭГ-
Үе гэж бий. Эр бяр, нас, хүсэл зорилго тэнцүү үеийн хүчтэнгүүд байна гэдэг, үеийнхнийгээ давж аварга болно гэдэг тив дэлхийн дэвжээн гарахаас л илүү зүйл болов уу. Ер үеэ мулталж, нударч гэмээнэ бөх болох гараа эхэлж, аварга болох суурь тавигддаг болов уу. А.Иччинноров аварга ч мөн энэ шугамаар явж, үеийнхнийгээ авч шидчихээд л арлын орныг зорьсон түүхтэй. Хорь гаруйхан настай түүний үеийнхэн газар газраас цуглан эр бяраа үзэж, Ичко аварга түрүүлснээр Япон явж байсан түүхтэй юм билээ. Тэгэх ч учиртай. Үеэ давж л үргэлжлүүлнэ, өөдөө мацдаг гэмээр. Тэрбээр 2010 онд Японд очоод Тоттори аймгийн Жёохокү ахлах сургуулийн сумогийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж, сумо гэх спортын А үсгийг заалгаж байсан гэдэг. Үндэсний бөх суурьтай хүүд мэдээж сурах, сумогийн дүрэм журамтай танилцах нарийн зүйл их байсан нь тодорхой. Эхэнд өгүүлсэнчлэн ганц бяраар аархаж, барилдахгүй. Ухааныг нь олж, аргыг нь мэдэж гэмээнэ сая түрүүлж, мандаж, өрсөлдөгчөө унагаадаг байх. Тэгэхээр ухаанд тэр давхар суралцаж эхэлсэн нь энэ үе аж.
-БЭЛТГЭЛ БОЛ ТЭСВЭР-
Сумогийн бэлтгэл шиг чанга зүйл байхгүй тухай манайхаас Япон руу явсан сумочид цөм нэгэн дуугаар өгүүлдэг. Манай анхдагчдаас бэлтгэлээсээ халширч, Японд суух монголын элчин рүү зугатаж явсан түүх бий шүү дээ. Уйлах бол энүүхэнд гэдэг. Энэ бүхнийг А.Иччинноров аварга ч мөн биеэр давж, туулж, тэсэж, тэвчсэн. Энэ тухай тэрбээр "Ёстой чанга шүү. Хүнд бэлтгэл хийхийн зэрэгцээ чин сэтгэлээсээ хийхгүй бол загнуулна. Загнуулах ч энүүхэнд. Хулсан саваагаар саваадуулна даа. Бэлтгэл хийж байгаа залуу бөхчүүдийн ар нуруу, хонго, гуя нь улаан эрээн болсон байгаа биз дээ. Багшийн нүдийг хуурах маягтай байвал тийм л болно. Хажуугаар нь загнуулна. Багш их хорон үгтэй. Олигтойхон хичээхгүй бол "Монгол руугаа буц. Чам шиг юм хэрэггүй" л гэнэ дээ. Эхний нэг жил ч нутаг буц гэдэг үгийг байнга сонсдог байлаа. Сүүлдээ гайгүй болсон" хэмээн ярьсан байна лээ. Тэгэхээр эхний шалгуур нь тэсвэр байна. Их бяр, тэнхээ байгаад ч бэлтгэлийн хүнд хэцүүд сөхөрвөл тэгээд л дуусдаг аж. Их спорт мөн сэтгэлээрээ босоо, өөдрөг байхыг шаарддаг байх. Сэтгэлээрээ унавал тэгээд л мянган хүч тамир байгаад унана байх.
-НЭГ ЖИЛ БАШЁД БАРИЛДААД ЦОЛОНД ХҮРСЭН АНХНЫ СУМОЧ-
Японы ахлах сургуульд сурч байхдаа А.Ичинноров аварга тус улсын Жицүгёгода буюу улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, ёкозуна цол авч эхэлсэн юм билээ. Тэгээд л "Минато” дэвжээнд орж, дараагийн зиндаанд барилдсан байдаг. Ердөө хоёр башё барилдаад дээд зиндаанд гарсан гэдэг. Энэ нь анхны тохиолдол бөгөөд урьд нэг жилийн хугацаанд башёд барилдаад цолонд хүрсэн бөх сумогийн түүхэнд байгаагүй гэдэг. Энэ магад түүний удмын хүч бяр, өнөө яриад байдаг аагсан их хүч тамираас үүдэлтэй болов уу. Тухайн үед түүнийг түрүүлж, нэг жилийн дотор дээд зиндаанд хүрэхэд 21 настай ийм залуугаараа гэж арлын орныхон гайхдаг байсан гэсэн. Энэ тухай 2014 оны ярилцлагадаа тэр өгүүлсэн байна лээ. Аргагүй адуунд эрэмгий, аваргын удмын хүү болохоор ондоо байж, хурдан ч шуугиан тарьж, төд удалгүй л дэвжээг нурааж эхэлсэн нь түүний онцлог байв.
-БАШЁД ТЭР ХҮЧ ТЭНЦҮҮ МОНГОЛ СУМОЧДЫГ УНАГААВ-
За арлын орны сумочид ч дүүрч, хэдийн унасан байх. Харин өөрийн орныхонтойгоо саяны башёд цөм үзэлцжээ. А.Ичинноров Башёгийн сүүлийн өдөр үраг давснаар 12 даваа, гурван унаатай болж, түрүү бөхөөр тодорсон байгаа юм. Сүүлийн үед нэр нь мандаж, цуу нь тараад буй Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг өвдөг шороодуулж, Башёгийн дээд зиндаанд түрүүлсэн. Түүнтэй мөр зэрэгцэн хүч бяраа үзэж байгаа бөхчүүдээс дурдвал, Хошорюү С.Бямбасүрэн есөн даваа, таван унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан, Кирибаяама Б.Лхагвасүрэн гээд цөм өвдөг шороодсон. Ингэж арлын орны аваргын төлөөх тэмцээнд харийнхныг унагаачихаад, өөрсдөө ч хүч бяраа үзэж, үлэмж биетэн Ичко түрүүлсэн нь тэр. Сумогийн дэвжээнл ер монголчууд нэгэнтэйгээ таарахад л огшдог сон. Хэн ч давсан яах вэ гэмээр харагддаг. Магад тэд ч тэгж боддог биз.
-ҮЛЭМЖ БИЕТЭД ДАХИАД Ч НАС, БЯР БАЙНА-
Үлэмж биетэн гэж дуудуулахдаа дургүй тухайгаа тэр ярьсан байна лээ. Гэхдээ хүч бяр, арлын оронд очоод л нурааж эхэлсэн их хүчийг бид өөрөөр юу ч гэх билээ. Хар бага насандаа эмнэг адуутай ноцолдож, бөхөл дөртэй үеийнхнийгээ авч шидэж, шууныхаа хүчээр бол хэнийг ч тэсгээдэггүй байсан хүү өдгөө бүр аархан барилдаж, ааг дүүрэн бяр тэнхээндээ багтаж ядан байна. Дугтардаг, бяруу, шүдлэн үхэр, хонины хашаанд ороход "Хашаа хэмлэчихнэ” хэмээн өргөж аваад хашааны гадна тавьдаг байсан ардын засгийн наадмын анхны бөх гэгддэг Г.Вандан аваргын зургаа дахь үеийн хүчтэн түүнд сумогий дэвжээ ч багадам их бяр тэнхээ, нөөц бололцоо байгаа гэхэд хэтийдэхгүй байх. А.Иччиноров аварга залуу байна, хүчтэй байна, ид иртэй байна. Дахиад ч нас, бяр байна. Хүч бяр нь халгиж, дэвэрч, асгарч байна.
https://ergelt.mn/news/105/single/23487