С.Мөнхчулуун: Банкууд хууль бусаар хураасан нэг хувийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон

363

С.Мөнхчулуун: Банкууд хууль бусаар хураасан нэг хувийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон

 

С.САРУУЛ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр нэр бүхий 11 банкинд хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр хийж дуусгаснаа мэдээлсэн. Зөрчлийн хэрэг бүртгэх явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад  зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, Бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн.

Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай  уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэж “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулаад байна. Мөн нэр бүхий есөн банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн хэмээн ШӨХТГ-аас мэдээлсэн.

Энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Банкны зээлийн шимтгэл 1 хувийг судлах явцад ямар ч тооцоо судалгаа байхгүй, зүгээр л зээл гаргаж өгсний төлөө шимтгэл авч байгаа нь хэрэглэгчийн аргагүй байдлыг нь ашиглан, хясан боогдуулсан шинжтэй, тендерт шалгаруулаад хувь авдаг гэдэг шиг л хууль бус харагдаж байна. Тиймээс банкууд хуульд нийцүүлэн шимтгэл хураамжаа үндэслэлтэй тогтоож, иргэдээс хууль бусаар хураасан шимтгэл, хураамжаа эргүүлэн төлөх, эсхүл үндсэн зээлээс нь хасч тооцох хэрэгтэй. Банкууд хууль бусаар ашиг олж оршин тогтнодог байж болохгүй.  Салбар нь унах вий гээд хууль зөрчиж, иргэдийг хохироосоор байгаа асуудлын хажуугаар нүдээ аниад сууж болохгүй. Тэгээд ч банкууд иргэдээс хууль зөрчиж 1 хувийн шимтгэл аваад, түүнийгээ иргэдэд буцаан зээлдүүлж эргэлдүүлэн хэд дахин ашиг олчихсон, хууль бусаар хураасан 1 хувийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон байгаа. 30 хоногийн хугацаатай Албан даалгаврын биелэлтийн хариу ирсний дараа дараагийн арга хэмжээг авах болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>