УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлж сүрдүүлсэн хэргээр дахин шалгагдаж эхэлжээ
Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлж, сүрдүүлсэн асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа Эрүүгийн цагдаагийн газарт хандаад байсан.
Эрүүгийн цагдаагийн газраас уг хэргийг шалгаад прокурорт шилжүүлснээр УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаярт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хэрэгсэхгүй болгож, хаасан юм.
Тэгвэл Нийслэлийн прокуророос дүүргийн прокурорын өмнөх шийдвэрийг няцааж уг хэргийг дахин шалгуулахаар ЭЦА-нд шилжүүлжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд асан Ё.Отгонбаярыг яллагдагчаар, нийтлэлч У.Оргилмааг хохирогчоор тогтоон шалгаж мэдүүлэг авч эхэлсэн байна.
Энэ талаар иргэн, нийтлэлч У.Оргилмаагаас тодруулахад "Миний хувьд дүүргийн прокурорын шийдвэрийг гардан аваад хүний эрх гэдэг үг зөвхөн шоуны уриа юм байна гэж харамсаад өнгөрсөн. Дараагийн шатанд гомдол гаргасан ч адилхан шийдвэр гаргах биз гээд орхиж уран бүтээлийн ажилдаа орсон. Харин хоёр хоногийн өмнө ЭЦА-наас НПГ-ын шийдвэрийг дуулгаж, намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг өгөхийг хүссэн. Ардчилсан Монгол Улсад улстөрч, эрх мэдэлтэн, галт зэвсэг эзэмшигч хэнбугай ч иргэн, нийтлэлчийг заналхийлэх ёсгүй. Эрх чөлөөний эх орон АНУ-д эх орныг минь төлөөлж Элчин сайдаар ажиллаж байгаад ирсэн ч иргэн надад дэндүү дээрэнгүй хандсан Ё.Отгонбаярт ямар нэг байдлаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.