А.Баатархуяг: У.Хүрэлсүх тэснэ, тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ?

250

А.Баатархуяг: У.Хүрэлсүх тэснэ, тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ?

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.
 
Үүнтэй холбогдуулан нийтлэлч А.Баатархуяг байр сууриа илэрхийлжээ.
 
Тодруулбал тэрээр: "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа энэ албыг хашиж байгаа анхны хүн. Энэ хүн атрын шанг яаж татсанаас цаашид ямар ургац авах нь тодорхой болно! Эрхийг нь хязгаарласан, хугацааг нь уртасгасан өөрчлөлтийн дараахь Ерөнхийлөгч! 
Ямар боловч Ерөнхийлөгч болсноосоо хойш УИХ, Засгийн Газрын зөрчилдөөн дунд нэг талд нь харайгаад орчихолгүй тэнцвэр барьсаар хоёр ч оныг үдчихлээ! Манай Монгол "ёс"-оор "яса" хуулиас гадуур хувь нэр сүрийг нь дагалдуулж, олгогдоогүй эрхийг зөөгөөд ирдэг тал бий! Өмнөх Ерөнхийлөгч нар хуулийн гэхээс илүү ингэж "зөөгдсөн" хувь нэр хүндээр Засгийн хямрал будлианд орж явчихдаг байсан, үр дүн нь богино настай Засгийн Газрууд! 
Чухамхүү Засгийн Газруудын хэд нь Ерөнхийлөгчийн нөлөөллөөр унаж байсныг тооцох статистик гаргавал бас овоохон юм гарна! Н.Алтанхуяг Эбэгийн, Ж.Эрдэнэбат Тулгын түрэлтээр... г.м.
 
Хэрэв Хүрэлсүх Ерөнхийлөгч л хүсвэл Засгийн Газрыг өөрчлөх олон боломж байсан, тэгээсэй гэх үй түмэн хүсэл, санаархал, хорлонт санаа, намч шургуу байсан ч мань эр огцом хөдлөлгүй суусаар..! Анхны шанг шулуухан явуулж, Ерөнхийлөгчийн институцийн амыг татасгээд байх шиг!
 
Хэрэв энэ нь жишиг болоод уламжлагдвал цаашид тогтвортой Засгийн Газартай байх өөрчлөлтийн зорилго биелэх л байх. Засгийн Газраа тогтвортой байлгах гэж, парламентын дэмжлэг авах гэж УИХ-ын гишүүдийн 1/3-ийг сайд болгож хүртэл үзэж байхад мань хүн сууж л байсан! Сүүлийн жагсаалаар онц байдлыг эсэргүүцээд, шинэ жилээр парламентын засаглалыг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ! Овоохон шордож, хатгаж, үлээж, догиож байхад хөдлөөгүй дээ!
 
Харин сая л "Тэснэ, тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ?" гэгч болж Учралын хуулинд анх удаагаа бүхлээр нь хориг тавина гэлээ!
 
Эрх мэдлийн тэнцвэрийг хадгалж байхгүй бол, иргэн ба засаг баригчийн эрхийг тэнцүүлж байхгүй бол, аль нэг тийш огцом савлах алхам бүрийг анзаарч байхгүй бол энэ савалгаанууд төр хөмөрчихөж мэдэх цаг үе айсуй! Одоо парламентын ааш аягийг харах үлдлээ, тэд тэнцвэр барьж чадах уу? Чадахгүй бол хамгийн эмзэг засаглагч нь парламент өөрөө болчихсон шүү!!!" гэсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>