Авилгач, хулгайч зан төрхөд таарах, зохих “төр, тогтолцоо” гэж байх уу?

318

Авилгач, хулгайч зан төрхөд таарах, зохих “төр, тогтолцоо” гэж байх уу?

 

"1992 оны үндсэн хууль биднийг авилгач, хулгайч, луйварчин болгочихлоо. Бидний ийм болсон нь төрийн тогтолцоондоо байгаа юм. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ байдал ер засрахгүй! Яг л иймэрхүү утгатай үгийг 20 шахам намын удирдлаганд байгаа хүмүүс, мөн эрх барьж буй намын зарим гол хүн хэллээ. Ингэж ярьдаг хүмүүсийг тоолоод байсан чинь 60 гаруй болчихлоо. Ийм үгэнд одоо хэдэн зуун хүн итгээд үндсэн хуулийг ( хулгайч төрүүлдэг ) өөрчлөх аянд мордоод байна...
 
Төрийн хууль тогтоох эрх мэдлийг 2-3 субьектэд хуваагаад өгчих аваас тэд өөр өөр хууль батлаад зөрчил үүсэж болно. Мөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийг 2-3 субьектэд өгчих юм бол тэд бас л хоорондоо зөрчилдөх нь мэдээж юм. 92 оны үндсэн хууль хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засаглалыг тогтоосон гэж үздэг хэдий ч ерөнхийлөгч хоёр тийшээ ( УИХ болон Засгийн газартай ) зөвшилцөж байж өөрийн шийдвэрээ гаргах механизмтай болно. Энэ бол амьдрал дээр хэрэгжиж болдог, хэд хэдэн улсад хэрэгжиж байгаа зүйл шүү дээ. Хэрэв энэ механизм ажиллахгүй байгаа бол асуудал хүмүүсдээ байгаа гэсэн үг. Мэдлэг, боловсрол муутай, зөрүүд, тэнэгдүү хүмүүс зөвшилцөж чадах нь бүү хэл, зөвшилцөх үүрэгтэйгээ ч ойлгохгүй шүү дээ. Ингэхлээр 92 үндсэн хуулийг, жишээ нь тэнэгдүүхэн ерөнхийлөгч, мөн тэнэгдүүхэн ерөнхий сайд хоёрт тохируулж өөрчлөх боломжгүй. Тэд зөвшилцөж нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй бол хэн нэг нь хууль зөрчиж байна гэсэн үг. Ийм тохиолдолд яах ёстой нь ч мөнхүү үндсэн хуульд тусгагдсан байгаа...
 
Эх орноо, ард түмнээ гэх чин ариун сэтгэлтэй улстөрчдийн хувьд бол 1992 оны үндсэн хууль байж болох л баримт бичиг. Дээр нь нэмээд, хамгийн чухал нь сайн боловсрогдсон органик хуулиуд л хэрэгтэй байсан юм. Харамсалтай нь манай бүх органик хуулиудын чанар үнэхээр муу. Энэ нь л овоо болчихсон юм гэхээр нэг ч органик хууль байхгүй. Чимэд гуай надтай нэг дор ажиллаж байгаад таалал төгссөн л дээ. Органик хуулиудын чанарын талаар би түүнд нэг удаа олон заалтыг нь иш татаж байгаад ярьсан юм. "Хууль батлах эрхтэй байгууллага нь батлагдчихсан болохоор чи надад гомдоллоод хэрэггүй. Чиний хэлээд байгааг би ч гэсэн мэдэж байна” гэж гунигтайхан хариулаад гүнзгий санаа алдаж билээ. Бид хоёр хааяа чонын авд хамт явдаг, хамгийн сүүлд Эрдэнэ сум руу Амарсанаа (академич ) бид гурав хамт явж, агаарт гарч, таван цулын шөл ууж билээ...
 
Ерөнхийлөгчийг парламентаас сонгож бэлэг тэмдэг төдийхөн эрхтэйгээр үлдээх нь хамгийн сайн шийдэл бас биш. Ерөнхий сайд, намын даргын эрхийг эрхийг давхар эдэлж байгаа субьектын алдааг эртхэн олж харах, залруулах боломжгүй болчихдог хувилбар. Парламент нь засгийн газрынхаа дэргэдэх хуулийн хэлтэс мэт болдог нь Английн жишээнээс ч харагддаг юм. Ингэхлээр үйлчилж байгаа, учир утга нь танигдчихсан хуучин хуулиа л чадварлагаар, ухаалгаар, ёс зүйтэй хэрэглэх нь л одоохондоо зөв гарц мөн болно. 
 
Парламентын гишүүн, засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэхийн хор холбогдлыг Франц улс нотолсон юм. Парламентын гишүүд хуулиа тогтоогоод, засгийн газраа хянаад байж байвал энэ хоёр институцийн гишүүдийн хулгай хийх нь хамгийн бага байдаг ажээ. Энэ тухай би сүүлийн 10 жилд хэд хэдэн удаа бичсэн л дээ. Даанч залуус юм уншихаа больж, уншаад ч ойлгохоо байж...
 
Аль ч тивийн, аль ч улсын иргэн хэн ч гэсэн өөрт нь чухам юу зохиж байгаа, юу зохихгүй байгаа талаар өөрөө ч ихэд бодолхийлдог, бүр өрөөл бусдаас ч асууж лавладаг. Өмсөж байгаа хувцас, малгай, идэж байгаа хоол, тэр бүү хэл ааш авираа хүртэл өөртөө зохиж буй эсэхийг шалгадаг. Зохихгүй байгаа нь тогтоогдох л юм бол өөрчлөхийг хичээдэг, бүр аль болохоор түргэн шуурхай өөрчилдөг. Энэний нэгэн адилаар сонгож авсан хөгжлийн зам, төрийн тогтолцоо, эрх барьж байгаа нам, парламентад суудалтай намууд, тэр ч байтугай ард нийтээрээ санал өгч сонгосон ерөнхийлөгчөө, мөн ерөнхий сайд, УИХ-ын даргыг энэ цаг үедээ, өнөөдрийн Монголын нийгэмд зохиж, таарч байгаа эсэх талаар эргэн бодох, шалгах нь байх л зүйлийн нэг юм. Ийм хяналт шалгалт бол, өнөөдрийн хүн ам ба нийгмийн маань боловсронгуйн хэр, түвшинг үзүүлэх нэгэн шалгуур, монголчууд бол бодож, сэтгэж амьдардаг ард түмэн гэдгийн нотолгоо болно.
 
Эрх барьж буй хоёр нам маань ямар шинж, байдалтай болчихоод байна вэ? Удирдах бүлэг нь, онцолж намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нь бие дааж бодлого, зорилгоо хэрэгжүүлж чадах хүмүүс үү? Эсвэл хэн нэгэн олигархи баяны гар хөл төдий өчүүхэн амьтад уу? Энэ намуудад хамтын удирдлага байна уу, цөөхөн хэдэн хүн л бусдыгаа дарангуйлж, зоргоороо загнаад байна уу? Залуучууд нь хэн бэ? Ердийн нэгэн зарц, барлаг уу? Ер нь энэ нам зөв нам уу? Аль эсвэл эх орон, ард түмнийг минь сөнөөх, мөхөөх хүч үү?
 
Ардчилсан намын ахмадууд бараг бүгд л авилгачид, хулгайчид гэж яригдах болов. Хот, хөдөөгүй л тэднийг хараах, зүхэх юм. Хоёр намын томчууд бараг л бүгд халаас, хэтэвч нэгтэй, худ худгуйнууд шүү дээ л гэцгээх болж.  Энэ бүхэн үнэн гэж үү? Хэрэв үнэн бол эн хоёр намыг татан буулгаж, тараах, шинэчлэх хэрэгтэй биз дээ? Ядаж л удирдах бүлэглэлийг нь 100 хувь шинэчлэх цаг болчихжээ гэсэн үг ! Намуудын тухай хууль бидэнд, Монголд зохихгүй байна. Сонгуулийн тухай хууль ч зохихоо больчихлоо. Их Хурлын тухай хууль, засгийн газрын тухай хууль, шүүхүүдийн тухай хуулиуд ч доголдол, хийдэл ихтэй, хариуцлага, зэмлэлийн тал нь ямар ч үр нөлөөгүй хэвээрээ л байна. 
 
Амьтны хувьд бол "сонгодог сүүл, сонгодог чих” гэж үгүй. Ямааны сүүл ямаандаа, адууны сүүл адуундаа л зохидог. Энэчлэн парламентийн сонгодог хэлбэр, сонгодог үндсэн хууль гэж мөн үгүй. Аль ч орны үндсэн хууль, төрийн тогтолцоо зөвхөн өөртөө л тохирсон байх ёстой, өөрт нь зохисон байх учиртай. Өөртөө тохирох хэлбэр, хэмжээ, шинж байдлаа тухайн орны тэргүүний сэхээтнүүд өөрсдөө л бодож, сэтгэж олоод, туршиж, зүхшрүүлж, төлөвшүүлж байх ёстой. Өнөөдөр гэхэд л бараг УИХ-ын гишүүн нэг бүр, мөн засгийн газрын сайд нэг бүр өөрсдөө авлига авч, идэж шамшигдуулж, хулгайлчихаад "тогтолцоогоо өөрчлөхгүй бол юу ч засрахгүй” гэж мэлзэцгээх боллоо. "Тогтолцоо гэж юугаа хэлээд байна вэ?, Яаж өөрчлөх хэрэгтэй юм бэ?” гэж асуухаар ямар ч тодорхой санал хэлж мэдэхгүй байх болов. Авилга авахаа, авах гэж элдвээр оролдохоо, мөн хулгай, шахаа, чавчаа хийхээ болиод үүрэгт ажлаа л чанартай, мэрийлттэй хийхэд л болчхоно шүү дээ. Бүх алдаа, дутагдал хүнд л байгаа, онцолж дарга нарт байгаа нь үнэн. Хүн ёс зүйтэй, шудрага, хүмүүжилтэй байх юм бол хуулиуд бараг л хэрэггүй шахуу зүйл. Бүх дарга нар авилга, хулгай, шахаа, чавчааны араас үхэн хатан, үгсэн хуйвалдан зүтгэцгээх юм бол ямар ч сайн хууль байгаад нэмэргүй. Бүх бурууг өөрсдөө үйлдчихээд "тогтолцоо буруу байна, хуулиуд муу байна” гэж дүйвүүлж, үймүүлж яриад, бүр өөрсдөө мэдлэг чадваргүйгээ хүлээн зөвшөөрч "иргэдээ сонсоё, тэднийхээр л болоё, зөвлөлдөх зөвлөл байгуулъя, зөвлөгөөн хийе, сонсгол хийе, комисс байгуулъя” гэхчилэн жүжиг тавьж, цаг хожиж, тэр зуур мөрөө баллаж, хэргээ нууж, хөрөнгөө тараан байршуулж, мафийн тороо бэхжүүлж, уснаас хуурай гарах арга сүвэгчилж, хор найруулж байх боллоо. Ийм хүмүүсээс зөв зүйл, эерэг үр дүн, амжилт, бүтээл гарна гэж үү? Нэг л жишээ татья. АТГ-ын дарга асан Энхжаргал ажлаа өгөхийн өмнөхөн "Манай дарга нар гаднаас ихээхэн зээл авч үрчихээд 2015 онд өршөөлийн хууль гаргаж 33 их наяд (байхаа) төгрөгийн өр, зээл, татварыг хань хамсаатнууддаа өршөөж, түүнээ төрийн нууц болгож хав дарсан, ард түмнээс нуусан. Энэнийг шалгах хэрэгтэй. Миний ажилласан 2 жил 10 сарын дотор энэ их хөрөнгөтэй холбоотой элдэв дарамт ер салаагүй” гэх утгатай үг хэлж байв. Иймэрхүү байдлаар татвар төлөгчдийн мөнгөөр өр, зээлээ хаалгачихаад одоо тэрбумтан гээд ханхалзаж яваа хүмүүсээс учруулсан хохирлыг нь төлүүлэх юмсан. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ !  Өршөөлд хамруулсан төлбөрийн хэмжээ үнэхээр 33 их наяд юм бол энд зөвхөн татварын мөнгө биш гаднаас авсан зээл, зээлийн хүүг хамруулж бүлэг этгээдүүд халаасаа дүүргэсэн бололтой. Энэ бол том хуйвалдаан, луйвар, эдийн засгийн гэмт хэрэг гэсэн үг. 
 
УИХ-д сонгуулийн тойрог нэг бүрийн төлөөлөл суудаг, тэд бүгдээрээ л "нийслэл хүү, нийслэл охид”, мөн тэд бүгдээрээ л олон тэрбумын хөрөнгө, орлоготой баячууд. Ингээд л Монголын төр бол үндэсний хөрөнгөтний төр, тэдний засаглал болчихдог. Хөрөнгөтний төлөөлөл гэсэн үг. Хөрөнгөтний ардчилал л Монголд тогтжээ. 92 оны үндсэн хуулийн Оршилд "Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн нь буй.
 
Иргэний ардчилал гэдэг нь иргэдийн засаглал гэсэн утга. Гэтэл өнөөдөр үндэсний хөрөнгөтний төр тогтоод хөрөнгөтнүүдэд үйлчилж байна. Нийт иргэдийн төр биш, олигархи хөрөнгөтнүүдийн төр тогтжээ. Энэ төрд хүмүүнлэг, энэрэнгүй, иргэнлэг шинж хомс байна. Хөрөнгөтнүүд үгсэж, хуйвалдаж байгаад эх орны маань бүхий л баялгийг хувааж авцгаадаг. Бүр давраад авсан зээлээ, зээлийн хүүгээ, орлогын татвараа төлөхгүй байсаар мөн л хуйвалдаж өршөөлийн хууль гаргаж, бүх өрөө улсын төсвөөс, валют, алтны нөөцөөс төлүүлсэн бололтой. Энэнийгээ төрийн нууц гээд хав дарчихжээ. 33 их наяд төгрөг нь (хэрвээ үнэн бол!) өнөөдрийн тэрбумтнууд (тэр цагийн хулгайч нар гэсэн үг) шууд төлөх, гаргаж өгөх ёстой их мөнгө юм. 2015 оноос хойш энэ их мөнгөөр үйлдвэрүүд барьсан бол залуус Солонгос руу явахгүй, хүүхдүүд олон ээлжээр хичээллэхгүй, түлэнхийн эмнэлэг их эрт ашиглалтанд орчихсон, нийслэл хот хүүхдийн цэцэрлэгээр бүрэн хангагдчихсан байх байжээ. Жирийн иргэдийнхээ боломжийг ингэж хулгайлж болох уу? 2015 оны УИХ бүх бүрэлдэхүүнээрээ гэмт хэрэгтэн байжээ дээ?
 
Өршөөлийн хууль санаачилсан хүмүүс хэн бэ? Хэлэлцэж баталсан гишүүд хэн хэн бэ? Хурал даргалсан хүн хэн бэ? Төрийн нууц гэж хав дарах, нуухыг хэн санал болгосон бэ? Энэнийг одоо зарлах хэрэгтэй. Ард түмэн ядаж л ийм юм болдгийг мэдэж аваг. Төлөөллийн ардчилал баячуудад л үйлчилдэг болохоор шууд ардчиллын элдэв механизмыг сонгогчид ашиглаж сураг. "Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал” гэх уриа, лоозон хашгирагчдын ард дотоодын хэн хэн нуугддаг, гадаадын хэн хэн байдгийг одооноос эхлэн таньж, тооцож байг!
 
Төрийн элдэв сан, гадаадаас авсан их мөнгө, хөгжлийн банк мэтээс бага хүүтэйгээр олон тэрбум төгрөг аваад түүнээ ломбард, банк бус санхүүгийн байгууллага мэтээр дамжуулан нөгөө муу ядарсан иргэддээ 20-40 хувийн хүүтэйгээр дамлан зээлж баяжсан улстөрчдийг хэн гэж нэрлэх вэ? Тэд жирийн иргэдийн төлөөлөл мөн үү? Эсвээс эдийн засгийн алуурчид, луйварчид, хулгайч нар уу? Ийм этгээдүүдийг сонгож, төрийн жолоог хулгайч нарын гарт өөрсдөө, сайн дураар өгчихсөн бид бас хэн болж байна вэ? Ингэх гээд л байсан юм, хохиноо хохь нь гэж тавлах хүн гарнаа даа? "Эзэд нь хичээвэл л заяа нь хичээдэг” гэх үг үнэн юмаа ! Үнэн юм ! Хэтэрхий гэхээр үнэн юм !
 
Бусад улс орон баялгаа зөв хуваарилаад, дундаж давхаргаа байнга зузаалаад, эмзэг давхраагаа дэмжиж, тэтгээд,зарим нь бүр ирээдүйдээ зориулж баялгийн сан, зоорь үүсгээд тогтвортой хөгжиж чадаж байхад цөөхөн хүн амтай, их баялагтай Монгол орон өр зээлэнд баригдаж, дампуурах шахаад байж байгаагийн бурууг үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ, ЗГ-ууд хүлээх ёстой. Хариуцлага тооцох эрх ба чадамж ард түмэнд л байдаг билээ...
 
Бидний өмнөөс өөр хэн ч, НҮБ ч энэ авилгачид, хулгайч нарт хариуцлага тооцохгүй. Энэ хэрэгт бурхад ба чөтгөрүүд ч тус болж байсан түүх үгүй. "Монголын иргэд нь л хичээвэл Монголын заяа хичээх болно!” Өөр гарц, шийдэл байхгүй. Ийм байдал үргэлжлээд л байх юм бол 1691 онд Манжид дагаар орсон шигээ аль нэгэн харь орон, гүрэнд бид дагаж, нэгдэж л төгсөх байх даа. Засгийн газрын маань дээд, дунд шатны дарга нар эвсэж, хуйвалдаж нүүрс хулгайлчихаад (илрэх, баригдах нь гарцаагүй болмогц) мөн өөрсдөө "шүгэл үлээж, өөрсдөө өөрсдийгөө илчлэх, шүүх” овжин арга сэдсэн бололтой. Өнөөдөр олон хүн ингэж хардах болов. 2015 онд өршөөлийн хууль гаргаж 33 их наяд (байхаа?) зээл, татвараа хүчингүй болгуулсан бол одоо хулгайлж зарсан нүүрсээ, хуйвалдаж өндөр үнээр барьсан төмөр замаас завшсан луйврын их мөнгөө, авлигын их хөрөнгөө яаж ийж байгаад л халаас, түрийвчиндээ үдээх байх даа. Арай ерөнхий сайд маань "ерөнхий найруулагч” нь биш байгаа? Итгэл хүлээх хүн үгүй болчихоор хардлагын гадна үлдэх хүн бас л үгүй болчихдог юм байна ! Яана даа, яана ! Эх орон нэгтнүүд минь, хувь заяа муутай төрсөн үе тэнгийнхэн минь ! Сайн зүйл сонсохгүй, сайхан зүйл харахгүй, сайн цагийг ч үзэхгүй, хүлээж дийлэхгүй байсаар хадан гэртээ харих болохнээ дээ ! 
 
Ерөнхий сайд маань томилогдсон цагаасаа эхлээд л ихээхэн хэмжээний далд эдийн засгийн тухай яриад л байдаг, яриад л байдаг. Хагасыг нь ч болов ил гаргаад, татвар, хураамжийг аваад ядаж л хүн амын нэн ядуу хэсэгт тусламж, дэмжлэг үзүүлчихсэнгүй. Энэний учир юу вэ? Маш их далд эдийн засаг, нууц ашиг, орлого гэдэг бол хулгай, луйвар, авилга, мөнгө угаалт л гэсэн үг шүү дээ. Энэ бүхнийг илчлэх, залруулах эрх нь ч, үүрэг нь ч, хүн хүч нь ч, хөрөнгө мөнгө нь ч ерөнхий сайдад өөрт нь байгаа. Гэтэл юунаас болоод энэ ажил удаашраад, саатаад, саараад байна вэ?
 
Ах нарынхаа шахаа, дарамт, нээнтгээр аргамжуулчихсан, том ярьсан, тууштай биш гэхээр хүн юм уу даа гэж ч бодогдох юм. Залуу хүн байна даа, зоригтой, эрчтэй, шийдэмгий хөдлөхийг чинь л ард түмэн хүлээгээд, хүсээд байгаа шүү !
 
Хөгшдөө, эмзэг бүлгийнхнээ, өрх толгойлсон эмэгтэйчүүдээ, нялх нойтон хүүхдүүдээ өрөвдөх сэтгэлгүйгээр хохироож ядууруулсан хүмүүс урт наслах ч үгүй, удаан жаргах ч үгүй л байх даа. Өмнөөс нь сэтгэл шаналж, зүрх шимшрэх боллоо. Тэдний чанх урд нь тамын тогоо байгаа... Ард нь ч мөн байгаа... Манай авилгач, хулгайч нар бүгд сүсэг, шүтлэгтэй хүмүүс бололтой байдаг юм. Үйлийнхээ үрээс, муу үйлийнхээ мултрахын аргагүй их нүглээс болж тэд мөн ч гашуун зовлонд унах, өртөх байх. Тэд нүгэл үйлдэж байгаагаа мэдсээр байж нүгэлтэйгээс ч нүгэлтэйг хийсэн болохоор цээрлэлээс мултрах, өршөөгдөх аргагүй юм даа... Энэ том нүгэлтнүүд тайван хооллож, тайван унтаж, амар амгалан байж чаддаг болов уу? Байнгын стресс бол хорт хавдар тусах маш том шалтгаан, нөхцөл шүү дээ !
 
Судлаач, профессор Д.Чулуунжав

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>