Францад маргаан дагуулсан хуулийн төслийг парламентад санал хураахгүй батлахаар болсныг мэдэгджээ
ПАРИС. /France24/. Францын Ерөнхий сайд Элизабет Борн тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас санал болгосон хуулийн төслийг парламентад санал хураалт явуулахгүй батлахаар болсныг мэдэгджээ.
Тэрбээр пүрэв гарагт парламентын доод танхим буюу Үндэсний хурлын депутатуудад хандаж үг хэлэхдээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Засгийн газрын тэргүүний парламентад үг хэлэхээр товлосон хугацаа хэд хэдэн удаа хойшилжээ. Эхлээд сайд нарын танхимын гишүүд Ерөнхийлөгч Эммануэль Макроны даргалдаг Сайд нарын зөвлөлийн хуралдаанд саатсан бол дараа нь зүүний үзэл баримтлалтай улс төрийн намуудын депутатууд төрийн дууллаа дуулж тэтгэврийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг тасалдуулжээ. Тэдний зарим нь Э.Борныг үг хэлж эхэлсний дараа ч төрийн дууллаа үргэлжлүүлэн дуулж, зарим нь уриа лоозон хашгирч, Засгийн газрыг огцрохыг шаардсан байна.