Залилагчийн өгөөш

286

Иргэн Дорж амьдралын шаардлагаар түрээсийн байр хайлаа. Фэйсбүүк, зарын сайтуудыг нэгжиж, хайсны эцэст үнэ боломжийн, төлбөрийн нөхцөл нь ч таатай, хотын төвийн нэгэн байр олов. Утас цохиж, зарын эзэнтэй яритал "бүрэн тавилгатай, төлбөрөө сар, сард нь төлж, богино болон урт хугацаагаар түрээслэх боломжтой” хэмээн тун таатай нөхцөлүүдийг санал болгожээ. Энэ бол залилагчийн эхний өгөөш. Иргэн Доржид "энэ байрыг алдаж болохгүй” гэсэн итгэл төртөл ярьсны дараа залилагч үндсэн ажилдаа орж барьцаа, баталгаа шаардана. Мөнгө шилжүүлж баталгаажуулахгүй бол өөр хүнд түрээслүүлнэ, урьдчилгаа байршуул гэхчлэнгээр шахалтад оруулна. Иргэн Доржид орон байр зайлшгүй шаардлагатайн дээр үнэ төлбөрийн нөхцөл нь ч таатай учраас дансаар мөнгө шилжүүлчихэв. Ингээд байрандаа орох гээд яваад очтол гэрийн эзэн түрээслүүлэх зар ч тавиагүй хэмээн угтах нь тэр. Товчхондоо тэр залилангийн гэмт хэргийн хохирогч болчихов. Түрээслэх байраа очиж үзээгүй атлаа утсаар л холбогдсон танихгүй хүнд итгэж мөнгөө шилжүүлсэн нь Доржийн хамгийн том алдаа.

 

 

Энэ бол иргэдийн хэрэгцээ шаардлагыг далимдуулсан түрээсийн залилан. Энэ төрлийн гэмт хэрэг жил бүр өсөж, нийслэлийн хэмжээнд нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг залилангийн гэмт хэрэг нь эзэлж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гэхэд нийт гэмт хэргийн 80 орчим хувийг залилан дангаараа эзэлж байгаа нь иргэд маш олноороо энэ гэмт хэргийн хохирогч болсныг харуулж байна.

 

Иргэн та орон сууцны түрээсийн залилангийн хохирогч болохгүйн тулд:

 

-Тухайн байрыг заавал өөрийн биеэр очиж үзэх

-Түрээслүүлэгч нь байрны жинхэнэ эзэн мөн эсэхийг бичиг баримтаар нягтлан шалгах 

-Утасны яриа, чатаар ирсэн зурганд итгэхгүй байх

-Тухайн байрыг очиж үзээгүй тохиолдолд дансаар урьдчилан мөнгө шилжүүлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>