Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор дахин гаргах уу?!
Манай нүүрсний хулгай Оросын "Манжин” үлгэртэй яг адилхан. "...Маш том манжин” гэдэг шиг олон жил үргэлжилж, гүн гүнзгий суусан, углуурга сайтай. Ганцхан угзралтаар гаргаад ирэх боломжгүй аж. "Манжин” үлгэрт гардаг шиг маш олуулаа "татаж” байж л шийдэх бололтой. Өнгөрсөн долоо хоногт доо, УИХ-аар энэ хэрэгт нэр холбогдсон гурван гишүүнийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх гэж юу болов доо. Хоёр гишүүнийг түдгэлзүүлж, нэгийг нь авч үлдсэн. Гэхдээ энэ санал хураалтын өмнө, хойно нэлээд үйл явдал өрнөлөө.
Ер нь бол "...Тэгье тэгье, бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя” гэсэн гишүүн гарсангүй. Гурвуулаа "...Би буруугүй. Хэлмэгдэж байна” гэж мэдэгдэв. Ерөнхий прокурорыг санал хүргүүлэхтэй зэрэгцээд зарим нь хөдөлгөөнд орж, бүрэн эрхтэйгээ үлдэх бүх аргыг хэрэглэж үзжээ. Энэ талаар хэвлэл, олон нийтийн сүлжээ, бусад эх сурвалжууд зогсоо зайгүй мэдээлэв.
АН-ын шинэ дарга Лу.Гантөмөр ёстой л "...Мордохын хазгай” болсон. Улс төрийн анхны шийдвэр дээрээ унасан. АН-ын дарга нь Лу.Гантөмөр хэдий ч гэрчилгээ нь Х.Баттулгад, тамга нь С.Эрдэнэд байгаа гэцгээж байна. Шүүхийн шийдвэрүүд ч тэгж гарсан байна. Хэдийгээр шүүхийн шийдвэрүүд хоорондоо эсрэг тэсрэг, зөрчилтэй гарсан ч нийлүүлээд "уншвал” АН-ынхныг "...Дотроо учраа олчих” гэж буй мэт байгаа юм.
"...Н.Наранбаатар Д.Бат-Эрдэнэтэй нэг хэрэг дээр хамт шалгагдаж байгаа. Тэгэхээр тэрбээр бүрэн эрхтэйгээ байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулна” хэмээн мөрдөгчид үзэж буй юм байна. Тиймээс Ерөнхий прокурор түдгэлзүүлэх саналаа дахин гаргах бололтой.
Та бүхэн баттай итгэж болно. Хууль хяналтын байгууллагаар шалгуулна, татгалзахгүй. Хууль хяналтын байгууллага жинхэнэ холбогдогч уу үгүй юу гэдгийг гаргаад ирнэ гэдэгт найдаж байна” гэж байсан юм. Сүүлд Ерөнхий прокурор УИХ-д гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал илгээсний дараа "...Би нүүрсний хэрэгт хамааралгүй тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэж байсан юм.