Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд иргэд хяналт тавих боломжтой

246

Хот байгуулалт, хөгжлийн газрын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хот байгуулалтын цахим систем болон хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлыг олон нийтэд нээлттэй болгожээ. Тодруулбал, хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор “eBarilga” нийслэлийн хот байгуулалтын цахим системийг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Энэ нь Хот байгуулалт, хөгжлийн газрын бүх албан хаагч холбогдон ажиллах Дотоод удирдлагын систем, нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний мэдээлэл болон барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг нээлттэй харуулах Геопортал, иргэн, хуулийн этгээдээс хандан цаасан болон цахим хэлбэрээр гаргасан хүсэлт, түүний шийдвэрлэлтийн явцыг хянах, хот төлөвлөлт, барилгажилттай холбоотой зөрчил, гомдол мэдээлэх боломжийг бүрдүүлсэн Гар утасны аппликэйшнээс бүрдэх веб, аппликэйшн хосолсон цахим систем юм байна. 

Тус “eBarilga” гар утасны аппликэйшн ашиглан:

  • Иргэн, хуулийн этгээд өөрийн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг хянах
  • Барилга, байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах
  • Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой зөрчлийг мэдээлэх
  • Хот байгуулалт, төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээх боломжтой.

Мөн “eBarilga” цахим систем ашиглалтад орсноор дараах давуу талууд бий болжээ.

  • Барилга, байгууламжийн зөвшөөрөл, зөрчилтэй холбоотой 2022 онд 1900 гаруй өргөдөл, хүсэлт, гомдол тус газарт ирснээс олонх нь барилгын зөвшөөрлийн мэдээлэл шалгуулах хүсэлт байжээ. Уг системийг ашигласнаар эдгээр өргөдөл, хүсэлт 30-40 хувиар буурах, мөн шийдвэрлэлтийн хугацаа багасах боломжтой.
  • Өмнө нь зөвхөн цахимаар илгээсэн хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг иргэн харах, хянах боломжтой байсан бол өдгөө Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан ирүүлсэн цаасан суурьтай хүсэлтийн шийдвэрлэлтийг ч геопортал, гар утасны аппликэйшн ашиглан хянах боломжийг бүрдүүлжээ.
  • Иргэд өөрийн амьдарч буй орчны цаашдын төлөвлөлтийг харах, хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, санал өгч, оролцох боломжтой боллоо.

Түүнчлэн хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлыг байгууллагын цахим хуудас болон youtube хуудсаар шууд дамжуулж байгаа юм байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>