ХӨСҮТ: Халдварын тохиолдол огцом өссөн тул амны хаалтаа зүүж эхлэхийг зөвлөе

382

ХӨСҮТ: Халдварын тохиолдол огцом өссөн тул амны хаалтаа зүүж эхлэхийг зөвлөе

 

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул:

-ДЭМБ-ын мэдээгээр дэлхий нийтэд Covid-19 цар тахал эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 765 сая тохиолдол батлагдаж, үүнээс 6.9 сая хүн ам нас барсан байна. Он гарснаас хойш дэлхий нийтэд халдварын тохиолдол тогтвортой буурч байгаад сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зарим улс оронд цар тахлын халдвар эргээд нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ гэх мэт улсуудад нэг долоо хоногт 30-80 мянга орчим тохиолдол бүртгэгдэж өндөр хэвээр байна. ДЭМБ тавдугаар сарын 5-нд хуралдаж, мэдэгдэл гаргахдаа "Зарим улс орнуудад өвчлөл өндөр байгаа хэдий ч Covid-19 өдгөө олон улсыг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш боллоо. Тиймээс улс орнууд дотооддоо цар тахлын урт хугацааны менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөгөө өгсөн. 

Сүүлийн долоо хоногт дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5  40-50 хувийн тархалттай давамгайлж байна. Манай улсын хувьд улсын хэмжээнд 18 дугаар долоо хоногт нийтдээ 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь огцом өссөн үзүүлэлттэй байна. Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр. Эмнэлзүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс ард иргэд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих зэрэг дадлаа үргэлжлүүлэх нь зөв. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д омикроны дэд хувилбараар өвчилсөн 101 өвчтөн эмчлүүлж байна.Үүнээс жирэмсэн эх 19,  хүүхэд 27 байна.  Эдгээрээс гурван хүн нэн хүнд,  долоон хүн хүнд  оноштойгоор эмчилгээ хийлгэж байна. Тус хувилбараар өвчилсөн тохиолдолд хамар битүүрэх, ядрах, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрч байна" гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>