Дональд Трамп ял авсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох уу

232

Дональд Трамп ял авсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох уу

 

2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өөрчлөхөөр завдсан гэх хэрэгт холбогдсон АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын мэдээлэл Жоржиа муж улсын Атланта хотын Фултон тойргийн урьдчилан хорих төвийн мэдээллийн сүлжээнд бүртгэгджээ.

Тангарагтны шүүхээс баривчлах зөвшөөрлийг өгсний дараа шоронд мэдээллээ бүртгүүлэх үйл явц нь хурууны хээгээ дарж, цагдаагийн бүртгэлд оруулах зургаа авахуулна гэсэн үг бөгөөд энэ нь АНУ-ын түүхэн дэх анхны тохиолдол болж байна.

Энэ оны гуравдугаар сард Д.Трамп Америкийн түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан анхны Ерөнхийлөгч болсноос хойш түүний эсрэг дөрвөн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Гуравдугаар сараас хойш Д.Трамп Флорида, Вашингтон, Жоржиа муж улсуудад хэрэгт татагджээ.

Шоронгийн системд мэдээллээ бүртгүүлэх үйл явц 20 орчим минут үргэлжилсэн бөгөөд үүний дараа Д.Трамп тэр даруй шоронг орхин явсан байна. Тэрбээр Нью-Жерсиг зорихын өмнө нисэх буудалд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, өөрийг нь буруутгасан явдлыг “шударга ёсыг гуйвуулсан явдал” гэж тодорхойлжээ.  

Мөн “шударга бусаар явагдсан сонгуулийн дүнг эсэргүүцэх эрх надад бий" гэж хэлээд өөрийнх нь эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн явдал бол “сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэг” хэмээн мэдэгдсэн байна. Д.Трампын хувийн онгоц Атлантад орон нутгийн цагаар 19:30 цагт газарджээ. Өөрийнхөө нэрийн хуудас болох цагаан цамцаа өмсөж, улаан зангиагаа зүүсэн тэрбээр онгоцноос буухдаа гараараа даллан эрхий хуруугаа гозойлгож байв.

Ерөнхийлөгч асан суллагдахын тулд 200 мянган ам.долларын барьцаа төлж, бусад нөхцлүүдийг зөвшөөрсөн байна. Тэрбээр Атланта руу явах замдаа, “Миний бие ямар ч гэмт хэрэг үйлдээгүй хэдий ч баривчлагдахаар Атлантаг зорих замдаа та бүхэнд хандан “Trump Force One” онгоцноос үүнийг бичиж байна” хэмээн нийгмийн сүлжээндээ жиргэжээ.

Өнгөрсөн долоо хоногт өөрийн бий болгосон “Truth Social” нийгмийн сүлжээндээ тэрбээр “олон нийт миний хэн болохыг мэднэ” хэмээн бичсэн бөгөөд лхагва гарагт ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөж буй Бүгд найрамдах намын гишүүдийн эхний мэтгэлцээнд оролцолгүй алгассан юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>