П.Дуламрагчаа: Хуримлагдсан стресс артерийн даралт ихсэх өвчин үүсгэнэ

312

П.Дуламрагчаа: Хуримлагдсан стресс артерийн даралт ихсэх өвчин үүсгэнэ

 

Дэлхийн даяар жилд 17 сая хүн цус харвадаг. Үүнээс 26 сая нь хөдөлмөрийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болдог бол 6.5 сая нь нас бардаг гэсэн тоо баримт бий. Манай улсад ч нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь тархины цус харвалт юм. Жилд дунджаар 5000-6500 орчим хүн шинээр харвадаг бөгөөд улсын хэмжээнд жил бүхэн мянга орчим хүн харвалтын улмаас нас барж байна. Энэ харамсалтай тоо статистикийг бууруулж, харвалтын улмаас үүсэж буй хүндрэл бэрхшээлийг багасгах зорилгоор ДЭМБ-аас жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Дэлхийн харвалтын эсрэг өдөр” болгон зарладаг. Энэ өдрийг угтан хөгшид төдийгүй залуусыг “айлгаж” буй харвалт гэх өвчний талаар УХТЭ-ийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор П.Дуламрагчаатай ярилцлаа.

П.Дуламрагчаа: Хуримлагдсан стресс артерийн даралт ихсэх өвчин үүсгэнэСүүлийн жилүүдэд тархины цус харвалт өвчнөөр өвчлөх хүний тоо нэмэгдэх хандлагатай байгааг ДЭМБ-аас анхааруулаад байна. Манайд ч энэ төрлийн өвчнөөр өвчлөх хүний цөөнгүй байх шиг ажиглагддаг. Энэ талаар яриагаа эхэлье ?

Харвалт их түгээмэл өвчин. Дэлхий дахинд ч тэр, Монгол Улсын хэмжээнд ч түгээмэл өвчний тоонд багтдаг. Дэлхийд 50-иас дээш насны хүмүүсийн нас баралтын хоёр дахь шалтгаан, 15-50 насныхны нас баралтын тав дахь шалтгаанд тооцогддог. Манай улсын хувьд хөдөлмөрийн насны хүмүүсийн дунд тархины харвалтын шалтгаант нас баралт сүүлийн 20 жилийн хугацаанд 30 хувиар нэмэгдсэн гэх судалгаа бий. Практикаас харахад ч энэ өвчлөл элбэг байна. Иргэд тархины цус харвалтын талаар дэлгэрэнгүй ойлголттой болох нь энэ өвчнөөс сэргийлэхэд, эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтой.

Харвалт үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар дэлгэрүүлбэл?

Эрсдэлт хүчин зүйлийг үндсэндээ хоёр хуваадаг. Нэгдүгээрт, өөрчлөх боломжгүй эрсдэлт хүчин зүйл гэж бий. Тухайлбал, нас, хүйс, удамшил зэргийг өөрчлөх боломжгүй. Хоёрдугаарт, хүн өөрөө хичээгээд, өөрчлөх боломжтой эрсдэлт хүчин зүйл гэж байдаг. Хорт зуршил буюу архи, тамхины хэрэглээ, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, өөх тосны хэрэглээ зэргийг хүн хянах бүрэн боломжтой. Тиймээс тархины харвалтад хүргэдэг өөрчилж болох эрсдэлт хүчин зүйл дээр анхаарч эрсдэлээ бууруулж амьдрах учиртай.

Хорт зуршил, таргалалт зэргээс гадна харвалт үүсгэхэд нөлөөлж болзошгүй зүйлийг нэрлэхгүй юу?

Тархины харвалтын үүсгэж буй олон хүчин зүйл бий. Цусны даралт ихсэх өвчин, хорт зуршил, хөдөлгөөний дутагдал, зохисгүй хоол ундны хэрэглээ зэргийг нэрлэж болно. Түүнчлэн нэг хэсэг фитнесээр хичээллэж байгаа хүмүүсийн идэж, хэрэглэж байгаа тэжээл тодорхой нөлөө үзүүлж байсан. Мөн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед даавар орлуулах эм, бэлдмэл харвалтад нөлөөлдөг гэдэг нь батлагдсан. Мөн тархины харвалт нь даралт ихэссэний улмаас үүсдэг. Манай эмнэлгийн харвалтын нэгжид хэвтэж эмчлүүлсэн өвчтөний 82 хувьд нь даралт ихсэх өвчнөөс шалтгаалсан байсан. Үлдсэн хувийг судасны хатуурал, чихрийн шижин өвчин, олон жилийн архидалт эзэлсэн байна. Мөн тархины харвалттай өвчтөнд хоёроос гурван эрсдэлт хүчин зүйл хавсарсан байх тохиолдол элбэг.

Тархины цус харвалтаар залуус өвчлөх болсон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдах болсон. Энэ хэр ортой вэ?

Тархины харвалтад өртөх насны хязгаар гэж байдаггүй. Тархины цус харвах өвчин залуусын дунд түгээмэл байх шиг ажиглагдаад байгаа нь залуу хүн амтай манай улсын онцлог байгаа. Тиймээс ч харвалт залуучуудад илүү тохиолддог байж болзошгүй. Мөн залуучууд цусны даралтаа хянахгүй байгаа нь тархины харвалтад өртөх эрсдэл үүсгэж байна. Манай эмнэлгийн харвалтын нэгжид хэвтсэн нийт харвалтын 40 гаруй хувь нь 18-50 насны өвчтөн байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд давамгайлж байна.

Настай хүмүүсийн өвчин гэж ойлгож байсан артерийн даралт ихсэх өвчин хүүхдүүдийн дунд ч элбэг байна. Энэ нийгмийн хүчин зүйлээс шалтгаалах уу?

Тархины харвалтыг үүсгэх шалтгаан, эрсдэлт зүйл насны хамааралтай байдаг. Жишээлбэл нярай, бага насны хүүхэд цус харвах нь судасны гажиг, унаж татах өвчний хүндрэл, удамшлын өвчнөөс шалтгаалах нь элбэг. Хүнд ханиад томуу тусах хүртэл тархины харвалт үүсгэх эрсдэлтэй. Хүүхдүүдийн хувьд харвалтыг нь маш нарийн оношлох зайлшгүй шаардлагатай.

Нийгмийн хүчин зүйлийн тухайд?

Хүүхдүүд дэлгэцийн хэт их хэрэглээтэй болсон. Мэдээллийн хэт их урсгал, нэгэн хэвийн хөдөлгөөнгүй байдал, дэлгэцийн хэт ягаан туяа зэргээс шалтгаалж хүүхдийн тархины хэвийн үйл ажиллагаа доголдож байна. Улмаар амархан ядарч, цуцах болсон. Мөн хүүхдийн таргалалт ч бий болж байна.

Хотжилт тархины харвалт хоёр харилцан хамааралтай юу?

Бүс нутгийн хоол хүнсний хэрэглээтэй холбоотойгоор артерийн даралт ихсэх өвчин болон тархины харвалт өвчний тохиолдол түгээмэл байх тохиолдол бий. Тухайлбал давсыг их хэмжээгээр хүнсэнд хэрэглэдэг аймаг, сумдад даралт ихсэх, харвах өвчин элбэг байдаг. Мөн элсэн чихрийн хэрэглээ ихтэй байх нь ч эрсдэлт хүчин зүйлд орно. Хотжилтын тухайд, хүн амын хэт төвлөрөлтэй холбоотойгоор бухимдал үүсгэх нөхцөл байдал хаа сайгүй байна. Улмаар хүмүүс маш их стресс, бухимдалтай байна. Үүний улмаас хүний биед ургал мэдрэлийн нэг хэсэг болох симпатк мэдрэлийн тогтолцоо хэт идэвхжиж, судас агшилтын байдалд байдаг. Тиймээс хуримлагдсан стресс артерийн даралт ихсэх өвчин үүсгэнэ. Энэ нь өөрөө тархины харвалтын эрсдэлт хүчин зүйл болно.

Цар тахлаас хойш зүрхний шигдээс, тархины цус харвалт огцом нэмэгдсэн гэж хүмүүс таамаглаж байна. Үнэхээр коронавирус гарснаас хойш энэ төрлийн өвчлөл нэмэгдсэн үү?

Цар тахлын нөлөөгөөр тархины цус харвалт огцом нэмэгдсэн гэдгийг баталж хэлэх боломжгүй. Дэлхий дээр ч энэ төрлийн батлагдсан судалгаа ховор. Гэхдээ Ковид19 өөрийнхөө эмгэг жамын механизмаар үрэвсэл, үрэвсэлт цитокины шуурга үүсгэж, судасны доторх бүрхүүл болох эндотелийг гэмтээдэг. Ингэснээр цусны өтгөрөл үүсгэдэг гэж үздэг. Ковид19 халдварын цочмог буюу эхний 3 хоногт тархины харвалт үүсэх эрсдэл өндөр байгаа нь судалгаагаар батлагдсан. Мөн халдвар авснаас хойш нэг сарын хугацаанд тархины харвалт тохиолдох магадлал ч өндөр байгааг судлаачид баталсан.

Манай улсад харвалтын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг хэчнээн бий вэ. Саяхныг хүртэл энэ асуудлыг зөвхөн Улсын III төв эмнэлэг хариуцаж байсан шиг санагдаж байна?

Өмнө нь харвалтын мэргэшсэн төв нь Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр байсан. Эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээнд Харвалтын мэргэшсэн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй байлгах зорилгоор улсын нэгдүгээр төв эмнэлэг, улсын хоёрдугаар төв эмнэлэг харвалтын нэгжийг шинээр байгуулж ажиллаж байгаа. Цаашид хөдөө, орон нутагт ч харвалтын чиглэлээр мэргэжлийн, ижил түвшний үйлчилгээ үзүүлдэг болохыг зорьж байгаа. Манай эмнэлгийн тухайд, 2021 онд харвалтын нэгж байгуулсан. Анх зургаан ортой нээгдэж байсан. Одоо найман ортой үйл ажиллагаа явуулж байна.

Танай эмнэлгээр жилд хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?

2022 оны тавдугаар сараас энэ оны тавдугаар сарыг хүртэлх хугацаанд манайх 229 хүн хүлээж авсан байна. 2021 оноос хойш энэ жилийг хүртэл 500 гаруй хүнд харвалтын тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Орны тухайд, тогтмол 80-100 хувийн дүүргэлттэй байгаа, ачаалал ихтэй байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>