Дэлхийн эдийн засаг дахь Европын өрсөлдөх чадвар

168

Дэлхийн эдийн засаг дахь Европын өрсөлдөх чадвар

 

Олон нийт Европын холбооны орнуудын ололт амжилтын талаар хошууран яриад байх нь ховор. Гэтэл нэг хүнд ногдох орлого нь хамгийн өндөр, ядуурал, авлигын түвшин хамгийн бага, төр засагтаа хамгийн их итгэдэг улс орнууд энд л бий. Үндсэндээ Европын холбоог дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэж тооцож болно. Холбооны хамтарсан төсөв нь чинээлэг бүс нутгаас ядуу бүс рүү мөнгө урсгах боломжийг олгодог. Мөн хөдөлгөөний эрх чөлөөтэй байдаг учир европчууд хаана ч сурч, ажиллаж, бизнес хийх, цаашилбал, тэтгэвэртээ гарах боломжтой. 

Гэвч сүүлийн үед хэд хэдэн чухал үзүүлэлтээр Европын холбоо дэлхийн улсуудаас хоцорч эхэлжээ. Европын холбоо өнөөдөр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувийг бүрдүүлж байна. Гэтэл 1995 онд 27 хувийг бүрдүүлдэг байжээ. Мөн дэлхийн аж үйлдвэрт эзлэх хувь нь 27-оос 16 болж буурсан байна.

Европын харьцангуй уналтыг буцаах дөрвөн боломжит хөшүүрэг байна гэж бодлого боловсруулагчид үзжээ. Эдгээр нь технологи, эрчим хүч, хөрөнгө, ур чадвар юм.

ТЕХНОЛОГИ БОЛОН УР ЧАДВАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ

Юун түрүүнд технологийг авч үзье. Финландын "LUMI", Италийн "Leonardo" зэрэг хамгийн хүчирхэг компьютерууд Европт байдаг. Гэвч дэлхийн шилдэг 500 компьютерийг тооцоод үзвэл Европын эзлэх хувь маш бага аж. Зорилтот хөрөнгө оруулалт үр дүнтэй байвал өрсөлдөөний нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой. Хятадын "Sunway TaihoLight"-ын компьютер 2016 онд секундэд 93 петафлоп гүйцэтгэлээр дэлхийд тэргүүлж байв. Харин өнөөдөр энэ гайхамшигтай үзүүлэлтийг АНУ хэдийнэ ардаа орхижээ. АНУ-ын "Frontier" компьютер нь секундэд 1194 петафлоп хурдыг үзүүлж байна. Жич: 93 петафлоп нь секундэд 93 квадриллион (1015) тооцоолол хийх чадалтай гэсэн үг.

Тэгэхээр мэдээж ийм супер компьютерийг ашиглахын тулд ур чадвар шаардлагатай. Компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд, төгсөгчдийн тоог аваад үзвэл Европын бэлэн байдлын түвшинг ойлгох боломжтой аж. Энэ үзүүлэлтээрээ АНУ, Энэтхэг зэрэг орон үнэмлэхүй байдлаар тэргүүлдэг. Европт авьяастангууд байгаа ч ихэнх нь холбооноос гадуурх оронд байна.

 

Энэ төрлийн боловсрол олгодог шилдэг төвүүдийг дурдвал, Германы Бош хиймэл оюун ухааны төв, Макс Планкийн компьютерийн шинжлэх ухааны хүрээлэн, Финланд дахь Европын сургалтын болон ухаалаг системийн лаборатори зэрэг бий. Гэвч Их Британи, Швейцарь гэх мэт холбооноос гадуур орнуудад мөн л хамгийн шилдэг судалгаа, шинжилгээний төвүүд нь байна.  Дэлхийн хэмжээнд толгой цохидог судалгааны төвүүд нь АНУ, Хятадад бий.

Хиймэл оюун ухааны тухайд Европын хөрөнгө оруулалт бусад бүс нутгуудаас хоцордог. Европын холбооны орнуудаас Люксембург, Словени зэрэг улс төсвийн хөрөнгө оруулалтынхаа ихээхэн хэсгийг хиймэл оюун ухаанд зориулж байна. Харин түүний араас Герман, Франц, Итали удаална. 

Хөрөнгө оруулалтын түвшин, чадварлаг мэргэжилтнүүдийн олдоц бага, шилдэг судалгааны байгууллагууд цөөхөн байгаагийн тусгал нь хиймэл оюун ухааны салбарын гарааны бизнесүүд болон патент, эрдэм шинжилгээний бүтээлүүдийн тоо багассанаар харагдаж байна.

Сайн мэдээ гэвэл Европын холбооны зарим орон хэдийнэ түгшүүрийн дохиог сонсоод, арга хэмжээ аваад эхэлжээ. Тухайлбал, Франц улс технологийн хөрөнгө оруулалтад долоон тэрбум евро зарцуулахаа зарласан. Энэ мэт арга хэмжээ нь АНУ, Европын хөрөнгө оруулалтын зөрүүг арилгах давуу талтай. 

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙГ УРАГШЛУУЛАХ

Орос, Украины дайнаас улбаатай эрчим хүчний хямрал нь өнгөрсөн өвөл Европын эрчим хүчний зах зээл ямар эмзэг байгааг харуулсан. Хямралд энгийн нэгэн айл өрхөөс эхлээд Итали дахь шилний үйлдвэр, Швед дэх гангийн үйлдвэр хүртэл өртсөн юм. Тогтвортой, өрсөлдөхүйц эрчим хүчний хангамж байхгүй бол Европын өрсөлдөх чадвар ч үгүй болно гэдгийг бүгд ойлгосон. 

Хямралаас хойш эрчим хүчний үнэ буурсан ч хангалтгүй хэвээр байна. Тодруулбал, Германд цахилгааны үнэ АНУ-аас гурав дахь, Франц, Польшоос хоёр дахин өндөр байна. Нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй цэвэр эрчим хүчний технологийн дэвшил нь урт хугацааны өрсөлдөх чадварыг хангах чухал ач холбогдолтой.

 

Эрчим хүчний аливаа шинэ шийдлийг зах зээлд нэвтрүүлэхэд хэдэн 10 жил шаардагддаг үе дэлхий нийтэд байсан. Харин өдгөө шинэ шийдлүүд хоёр, гуравхан жилийн дотор л зах зээлд хүрэх болжээ. Өөрчлөлтийн хурд өссөн байна. Салхины эрчим хүчийг Европт анх үйлдвэрлэж эхэлсэн ч өдгөө энэ чиглэлд Хятадаас хоцорчихсон яваа. Олон улсын энергийн агентлагийн мэдээлснээр Европ дахь салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэл, батерейны технологи Хятадаас ихээхэн хоцорчээ.

Эрчим хүчний шилжилтийн индексээс харвал Хятад улс дотооодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн хэвшлийн дэд бүтэц болон сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтаар тэргүүлж байна. Харин электролизер болон улааны насосны хувьд Европ тэргүүлэгч хэвээр байна. Европын электролизер үйлдвэрлэгчид цэвэр устөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэхийн тулд 2025 он гэхэд үйлдвэрлэлээ 10 дахин нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай тулгараад буй. Дэлхийн эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж буй энэ үеийг Европ хэрхэн даван туулах нь анхаарал татаж байна. Эдийн засгийн өрсөлдөөний дүнд европчууд ирээдүй хойч үедээ чинээлэг, үр бүтээлтэй амьдрах боломжийг бүрдүүлж өгөх эсэх нь тодорхойлогдоно.

Эх сурвалж: WE FORUM

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>