“Исүзү” компани автомат жолоодлоготой ачааны машиныг 2027 оноос үйлдвэрлэж эхэлнэ

133

“Исүзү” компани автомат жолоодлоготой ачааны машиныг 2027 оноос үйлдвэрлэж эхэлнэ

 

Японы автомашин үйлдвэрлэгч “Исүзү Моторс” компани дөрөвдүгээр түвшний автомат жолоодлого бүхий ачааны машин, автобусыг 2027 оноос үйлдвэрлэж эхэлнэ гэдгээ мэдэгджээ.

Энэхүү шийдвэр нь Японы логистикийн салбар дахь ажиллах хүчний хомсдолыг арилгахад тусална гэж тус компани найдаж байна. Уг санаачилгын хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж буй автобус, логистикийн компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Канагава мужийн Ёкохама хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Исүзү” компанийн ерөнхийлөгч бөгөөд үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шинсүке Минами хэлэхдээ, автомат жолоодлогын технологийг ихэвчлэн тогтсон чиглэлд явдаг ачааны машин, автобусанд нэвтрүүлэх нь суудлын автомашинтай харьцуулахад илүү хялбар гэлээ. Жолооч дутагдаж буй логистикийн салбарт энэ нь маш чухал хэрэгтэйг тэрбээр онцлов. “Исүзү” мөн 2031 оны гуравдугаар сард дуусах 2030 оны санхүүгийн жилд орлогын хэмжээгээ одоогийн түвшнээс ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлж, 6 их наяд иенд хүргэхээр төлөвлөж байна. 

Тус компани 2023 оны санхүүгийн жилд 680 мянга орчим автомашин борлуулсан бол Африк, Ойрхи Дорнодын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх замаар 2030 оны санхүүгийн жилд борлуулалтаа 850 мянгад хүргэх зорилт тавьжээ.

Мөн өнгөрсөн жил цахилгаан автомашины технологийг хөгжүүлэхэд чиглэсэн 1 их наяд иений хөрөнгө оруулалт дээр нэмээд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин зэрэг одоогийн бизнесүүддээ 1.6 их наяд иен зарцуулах ажээ. Ш.Минами дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины эрэлт 2030 оны санхүүгийн жилийн дараа ч тодорхой хэмжээнд хэвээр байна гэж таамаглаж байгаа бөгөөд арилжааны тээврийн хэрэгслийг цахилгаан хөдөлгүүртэй болгоход “тодорхой цаг хугацаа шаардагдана” хэмээн ярьжээ.

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>