К.Шваб албан тушаалаа шилжүүлэн өгнө

118

К.Шваб албан тушаалаа шилжүүлэн өгнө

 

Швейцарын Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Клаус Шваб албан тушаалаа орхихоор шийджээ. Өдгөө 86 настай К.Шваб энэ шийдвэрээ мягмар гарагт зарласан бөгөөд 2025 оны нэгдүгээр сар гэхэд гүйцэтгэх бус албан тушаалд шилжинэ гэж Дэлхийн эдийн засгийн форумын цахим хуудсанд бичсэн байна. 

 

“Тус форум нь үүсгэн байгуулагчийн удирдлага дорх байгууллага гэдгээс ерөнхийлөгч, удирдах зөвлөл нь үүрэг хариуцлагыг бүрэн хүлээдэг байгууллага болж өөрчлөгдсөнөөр засаглалын хувьсал хийгдэж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. Гэхдээ дээрх албан тушаалуудыг хэн хаших талаар дурдсангүй.

 

Анх Европын менежментийн форум гэгдэж байгаад 1971 онд Дэлхийн эдийн засгийн форум болсон уг чуулга уулзалтыг корпорацийн удирдлагын симпозиум хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Улмаар дараа дараагийн арван жилүүдэд уг арга хэмжээ нь тэгш бус байдал, шилжилт хөдөлгөөн, дижитал инноваци, даяаршил зэрэг асуудлыг хөнддөг дэлхийн 100 гаруй орны 2500 орчим корпорацийн удирдлагууд, санхүүч, улс төрчид болон бусад нийгмийн зүтгэлтнүүдийн жил бүр цуглардаг чуулга уулзалт болж, өргөжин тэлсэн билээ.

 

Зочид тайван чөлөөтэй ярилцах боломжийг бүрдүүлэхийн тулд Давосыг сонгосон гэж Женевт төвтэй тус байгууллагын цахим хуудсанд бичжээ. Дэлхийн аж байдлыг сайжруулахын төлөө гэсэн уриатай уг форум дэлхийн нийтийн анхаарлыг татдагийн сацуу хуйвалдааны онолыг дэмжиж байна гэх шүүмжлэлд өртсөөр ирсэн юм.

 

Герман улсад швейцар гаралтай гэр бүлд төрсөн К.Швабын үүсгэн байгуулсан байгууллага нь элитизмтэй холбоотой асуудалтай байнга тулгардаг боловч тэрбээр дэлхийн хэмжээнд хамтран ажиллах шаардлагатайг байнга онцлон тэмдэглэсээр ирсэн юм. “Байгаль орчин, ядуурал гэх мэт томоохон сорилтуудыг засгийн газар, бизнес дангаараа эсвэл иргэний нийгэм шийдэж чадахгүй. Бидэнд хамтын ажиллагаа хэрэгтэй” гэж К.Шваб 2020 онд ярилцлага өгөх үеэрээ хэлж байв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>