Дэд сайд нарыг парламентаас томилно гэв үү?!

636

Дэд сайд нарыг парламентаас томилно гэв үү?!

 

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдон, хамтарсан Засгийн газар байгуулах үеэрээ дэд сайд нарын албан тушаалыг байхгүй болгож байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ дэд сайдтай болох бол олон нийтээс санал асууна гэдгээ ч дуулгасан. Энэ тухай тэрбээр "Төрийн албаны бүтцийн тогтвортой байдлыг хангах ёстой. Эрх мэдэлгүй төсөв захиран зарцуулж чаддаггүй бүтцийг танах ёстой. Дэд сайдыг сайд нь ч юм хийлгэдэггүй, Төрийн нарийн бичгийн дарга нь ч хийлгэдэггүй. Олон нийтийн саналаар дэд сайд ажиллуулах эсэхийг шийднэ" гэдгийг яриандаа онцолсон юм.

Дэд сайдын албан тушаал бол ялсан намынхны бялуу төдий, Монголын төрд үүрэг багатай албан тушаал.

Хамтарсан Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригт анхны хуралдаанаа хийх үеэрээ өмнөх Засгийн газрын 13 дэд сайдыг чөлөөлсөн юм. Уг албан тушаалыг байхгүй болгож, төсөв хэмнэхийг олон нийт ч дэмжиж байгаа. Гэтэл баяр наадмын дараагаас хамтарсан Засгийн “талууд” дэд сайдтай болохоор тохиролцож байгаа бололтой.
Улс төрийн хүрээнээс сонсогдож буй мэдээллээр парламентаас дэд сайд нарыг томилж, УИХ-ын гишүүдэд давхар дээл нөмрүүлэхээр хөшигний ард намуудын дарга нар ярилцаж эхэлсэн гэх. Хэрэвзээ УИХ-ын гишүүдэд дэд сайд албан тушаалыг хуваарилах юм бол парламентын мөн чанар алдагдана.
Парламентын дээр Засгийн газар нь гарвал хяналт, хариуцлага алдагдана. Үүнийг иргэд хүсээгүй, хяналттай төртэй болохын тулд хүчтэй сөрөг хүчинтэй болгож өгсөн.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар давхар дээлтэй сайд, давхар дээлтэй дэд сайдтай болбол эрх мэдлээ булаацалдсан хэрүүл салбаруудыг самрах магадлалтай. Монгол Улсын парламентын түүхэнд байгаагүй тохиролцоо хийж, хяналтгүй төртэй болохыг дэмжсэн намуудын дарга нар ухсан нүхэндээ унаж ч мэднэ.
Засгийн газрыг тогтвортой, хүчтэй болгох нэрийн дор парламентаас дэд сайдыг томилдог жишиг тогтоовол УИХ 126 гишүүнтэй болсны хэрэг гарахгүй. Хяналтгүй Засгийн газартай болно гэсэн үг. Учир нь, хамтарсан Засгийн газар Ерөнхий сайдаас гадна 22 сайдтай. Бүгд давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүнээр ажилладаг хүмүүс сайдын алба хашиж буй. Үүн дээр нэмээд 16 яамны дэд сайдыг УИХ-аас сонгоно гэвэл бараг 40 гишүүн нь Засгийн газрын гишүүн болж байгаа юм. Энэ тохиолдолд парламент нь Засгийн газартаа "барьцаалагдахгүй" гэх баталгаагүй.  Мөн Засгийн газарт хөдөлгөөн орох бүрийд сайд болоогүй ээлжийнхэн УИХ-аас"оочерлоно".  Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд хэчнээн УИХ-ын гишүүн дэд сайдын суудал руу зүтгэж, хор найруулахыг тааварлашгүй.
УИХ бол хууль тогтоох дээд байгууллага, энэ үүргээ чамбай гүйцэтгээрэй гэж ард иргэд сонголтоо хийсэн. Тиймээс сонгогчдынхоо сонголтыг хүндэтгээд дэд сайдын албан тушаалаа нэгмөсөн танасан шиг танаж, болохгүй юу.
Сануулахад, өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас 13 дэд сайдыг чөлөөлөхөд дараах хүмүүс багтсан юм.
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд М.Ганбаатар
  • Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо
  • Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
  • Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр
  • Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
  • Зам, тээврийн дэд сайд Л.Халтар
  • Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго
  • Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд
  • Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
  • Соёлын дэд сайд П.Баттөр
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нар юм.

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар УИХ-ын гишүүн болсон юм.

 

https://news.mn/r/2739852/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>