Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ

303

Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ

 
Монполимет группийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавт хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүнтэй харилцахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан байна. Энэ тухай шүүхийн албан ёсны мэдээлэлд:

“Нийслэлийн прокурорын газраас 2024 оны тадвдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, прокурорын санал, яллагдагч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн баримтуудад тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин прокурорын гаргасан саналын зарим хэсэг буюу тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хэсгийг хүлээн авахаас татгалзсан болно” гэсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>