Айлчлалын үеэр В.Путины хамгаалалт өндөр байх бөгөөд Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдээс коронавирусийн шинжилгээ авна гэв

182

Айлчлалын үеэр В.Путины хамгаалалт өндөр байх бөгөөд Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдээс коронавирусийн шинжилгээ авна гэв

 

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийх талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өнөөдөр шөнө Монголд ирж, маргааш албан ёсоор айлчлалаа эхлүүлэх юм.

Тэгвэл түүний айлчлалыг Төрийн ордонд буюу обьект дотор сурвалжлах сэтгүүлчдээс коронавирусийн шинжилгээ авахаар болсныг албаныхан мэдээлэв. Энэ онд манай улс нь  төрийн өндөр дээд олон айлчлалыг зохион байгуулж, нэр хүндтэй зочдыг хүлээн авсан ч зочид болон сэтгүүлчдээс коронавирусийн шинжилгээг аваагүй юм. Тэгвэл В.Путины айлчлал нь бүх талаар илүү хамгаалалт өндөр байх аж.

Түүний хамгаалалт өндөр байхаас гадна элдэв халдварт өвчин тархахаас сэргийлж ийнхүү PCR шинжилгээг авах нь.

Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Тухайлбал, шатахуун түлшийг тогтмол тасалдахгүй нийлүүлэх, Францтай хамтран хэрэгжүүлэх Ураны төслийг үргэлжлүүлэх эсэхээр Оросын талын байр, суурийг тодорхой болгох, ТЭЦ III, ТЭЦ IV дулааны цахилгаан станцын өргөтгөлийг барих зэрэг гол асуудлаар дээд түвшиндээ ярилцах нь. Уг айлчлалыг угтан ОХУ-аас манай улсад тодорхой тооны вагоныг бэлэглээд байна. 

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>