Улсын II эмнэлэгт хавдрын найман төрлийн эмчилгээ хийж байна

231

Улсын II эмнэлэгт хавдрын найман төрлийн эмчилгээ хийж байна

 

Улсын нэгдсэн II эмнэлэгт хавдрын найман төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Тус эмнэлэгт  өнгөрсөн есдүгээр сард Хавдрын оношилгоо эмчилгээ хяналт сэргийлэлтийн төвийг нээснээр элэг, цөс, нойр булчирхай, бүдүүн гэдэс, ходоод, хөхний хорт хавдар зэрэг найман төрлийн хорт хавдрыг оношлох, эмчлэх , хагалгаа хийх, хяналт тавих үйлчилгээг  цогцоор нь үзүүлж эхэлсэн байна.

Улсын нэгдсэн II эмнэлгийн Хавдрын мэс заслын зөвлөх эмчийн мэдэгдэж байгаагаар оношилгоо хийхэд чухал шаардлагатай MRI , компьютер томографиар бүрэн тоноглогдсон. Мөн бусад эмнэлэгт байхгүй хавдрын үсэрхийллийг тодорхойлох шинжилгээг хийдэг нь тухайн өвчтөнд тохирсон эмчилгээ, хяналтыг цогцоор нь хийх боломжтойгоороо давуу талтай.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хавдар судлалын үндэсний төвд хүлээгдэл ихтэй байгаа үед II эмнэлгээс найман төрлийн хавдрын эмчилгээ үйлчилгээг авах боломжтой болсон. Аймгуудаас эхний байдлаар Хэнтий, Өмнөговийн нэгдсэн эмнэлэгт элэгний хавдартай хүмүүсийн судсыг бөглөх эмчилгээг үзүүлж эхэлсэн.  Ирэх жил гэхэд бүх аймаг, нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлэгт хавдрын тусламж үйлчилгээг өргөн хүрээнд үзүүлдэг болгоно. Ингэснээр орон нутгаас Улаанбаатар хотыг зорьж байгаа иргэдийн 80 хувь амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын тусламж үйлчилгээ авах боломж бүрдэнэ.

Хүнд хэлбэрийн хавдар, хүнд хэлбэрийн хавдрын мэс засал, туяа эмчилгээний үйлчилгээ авах бол Хавдар судлалын үндэсний төвд ханддаг байхаар бодлогын арга хэмжээ авч ажиллаж байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>