ХУУЛЬ: 40-өөс дээш насныхныг жилд 1 удаа ходоод, улаан хоолойн хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнд хамруулна

845

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.  Энэ хууль батлагдсанаар монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрыг эрт илрүүлэх, үзлэг оношилгоог насны бүлгээр нь хийдэг тогтолцоо бүрдэх юм.

Монгол Улсад хорт хавдраар жилд 4400 гаруй хүн амиа алдаж байгаа бөгөөд хавдраар шинээр оношлуулж буй иргэдийн 70-80 хувь нь өвчнийхөө сүүлийн шатандаа орсон хойно, эмчилгээ авах боломжгүй болсон үедээ эмнэлэгт хандаж буй юм. Тиймээс УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг 2018 онд санаачлан, өчигдөр батлууллаа.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжсэнээр:

  • Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд түгээмэл тохиолдож буй элэг, уушги, улаан хоолой, умайн хүзүү зэрэг долоон төрлийн хавдрыг эрт илрүүлэх нэгж байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангана.
  • 40 түүнээс дээш насны, элэгний В, С вирусийн халдвартай, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг хорт хавдар илрүүлэх үзлэг шинжилгээнд жилд 1-2 удаа хамруулах
  • 40 түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд жилд нэг удаа хамруулах
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд 3 жилд нэг удаа хамруулах
  • 50-иас дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах
  • 50 түүнээс дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулахаар хуульд заажээ.

Хорт хаввдраар өвчлөх эрсдэл өндөртэй зорилтот бүлгийн бүюу дээрх насныхныг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулснаар 2030 он гэхэд элэгний элэгний хорт хавдрын нас баралтыг 35 хувь, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувиар бууруулна. Мөн умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой хэмээн тооцоолжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх эхлэх бөгөөд УИХ-аар 2020 оны улсын төсөв хэлэлцэж буй энэ үед ирэх оны төсөвт шинээр батлагдсан хуулиа хэрэгжүүлэхэд эхний жилд шаардлагатай 30 тэрбум төгрөгийг батлуулахаар хуулийн төслийн санаачилсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүд ажиллаж буй юм.

Монгол Улс хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж буй нь шинэ мэдээ биш ээ. Бараг 10 жилийн өмнө энэ тухай чих дэлссэн мэдээ “Time” сэтгүүлд гарсныг иш татан бичиж байснаас хойш нөхцөл байдал огт дээрдсэнгүй, бүр дорджээ.

Э.Оргил

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>