Эмийн хууль эмнэлгийн ачааллыг өрдөж, эмч нарыг жор бичигч “машин” болгох нь

146

Эмийн хууль эмнэлгийн ачааллыг өрдөж, эмч нарыг жор бичигч “машин” болгох нь

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн найруулж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, эмийн санч, эмч нарын дунд “ширүүн дайн” үүсээд байна. Эмийн зах зээлийн болохгүй бүтэхгүй бүхнийг эмхэлж цэгцлэх зорилготой эл хуулийн зарим заалт нь амьдралгүй, хэт туйлширсан шинж чанартай байгааг өнгөрсөн өдрүүд дэх иргэдийн гомдол, шүүмжлэл батлаад өгөв бололтой. Учир юу вэ гэвэл, эмийн шинэ хуулийн хүрээнд өргөн хэрэглээний олон төрлийн эм, дуслын шингэнийг ч энэ сараас жороор олгож эхэлсэн.

Харин үүнийг мэдээгүй иргэд жор нэхсэн эмийн санч нарт бухимдаж, өрхийн эмнэлэгтээ очиж дараалал нэмэн, эмч нарыг “хормойдсоор” нэгэн долоо хоногийг баржээ. Иргэд яаралтай үед хэрэглэх наад захын халуун бууруулах эмийг хүртэл жоргүйгээр авч чадахгүйд хүрч, эхнээсээ халуундаа татаж, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол ч гарав. Гэнэт өвдсөн хүмүүст, гүйлгэж, бөөлжсөн хүүхдүүд, даралт нь ихэссэн хөгшчүүлд энэ мэт энэрэлгүй “хандсан” дээрх хуулийг эргэн харахыг иргэд эрх баригчдаас шаардах боллоо.

Давхар тамгатай жор

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эмийн үнийн өсөлтийг хянах, чанаргүй, бүртгэлгүйг нь зах зээлээс шахах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, өнгөрсөн зургаадугаар сард баталсан гэж албаныхан мэдээлсэн. Хуулийг том зургаар нь харвал тийм ч муу найруулгатай биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Гэхдээ тус хуулийн II бүлэг, 10 дугаар зүйл заалт болох эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, түүний хэрэгжүүлэх хүрээнд баталсан журам нь иргэдийг чирэгдүүлж, эмч нарыг бухимдуулж, эмийн санч нарыг аргагүй байдалд оруулаад буй юм байна. Энгийнээр хэлбэл, өмнө нь эмийн сангуудаар антибиотик, дусал, тариа гэх мэтийг жороор, өвчин намдаах эм, лаа, зүрх, судас, даралтын эм зэргийг жоргүй олгодог байсан. Харин энэ сараас арьс харшлын төрөл бүрийн эм, тос, өвчин намдаах эм, лаануудыг, зүрх, судасныхаас панангин, валидол, долоогоны хандаас бусдыг, даралтын бүх эмийг жороор олгодог болжээ. Гэнэт даралт ихсэх, халуурах, харшлаас болж хавагнах, боогдох, хамар битүүрэх зэрэгт эмийн сан бидэнд эмчийн бичиггүй л бол үйлчлэхгүй. Ер нь ажилтай үедээ, шөнөөр, өрхийн эмнэлгээсээ хол, хөдөө гадаа явах бол иргэд толгойгоо ч өвтгөж болохгүй гэсэн үг. Учир нь жор бичүүлж авахад хүртэл хүндрэлтэй болсон юм байна. Тодруулбал, шинэ хуулийн дагуу үйлчлүүлэгч эмийн жорын цаасан дээрээ үзсэн эмчийнхээсээ гадна өрхийн эмнэлгийн тамгыг давхар даруулах шаардлагатай болж. Давхар тамгагүй л бол тухайн жор эмийн санд хүчингүй гэнэ. Энэ талаар нэгэн иргэн “Өнгөрсөн пүрэв гарагт охин хий ханиалгаад эмийн сан ортол жоргүй бол үйлчлэхгүй гэв. Тэгээд маргааш өглөө нь өөрөө ажлаасаа, охиныхоо хичээлээс чөлөө аваад өрхийн эмнэлэгтээ үзүүлж, эм бичүүлж авлаа. Нөгөөхөө бариад эмийн санд ортол эмнэлгийн тамгагүй бол эм өгөхгүй шүү дээ гэж хэлэв. Би бүр мэл гайхсан. Эмчийнхээс гадна эмнэлгийн тамга гэж бас давхар даруулах ёстой байж. Ингээд ээж, охин хоёр даваа гараг болтол эм бичүүлж чадахгүй, ханиадаа хүндрүүлэх боллоо. Эмч үзээд уг нь аскорбины хүчил, “Катфро-7” л бичиж өгсөн юм, яана даа” гэсэн юм.

Аминдэмийг хүртэл “журамлав”

Манай улсын хүн амын дундах өвчин их, улирлын чанартай өвчлөл ч өндөртэй. Ялангуяа халдварт өвчний дотор ханиад, томуу, хатгалгаа, гэдэсний өвчин элбэг. Халдварт бус өвчний тархалтаар зүрх, судасных тэргүүлдэг. Агаар, орчны бохирдол тартагтаа тулсан, хоол, хүнсний баталгаагүй байдал зэргээс үүдэн бид нялх нярайгаасаа эхлээд нийтээр төрөл бүрийн өвчинд өртдөг болсон. Тэр хэрээр эмийн хамааралтай. Толгой, гэдэс нь өвддөггүй, хамар нь битүүрдэггүй, харшилгүй хүн ч ховордсон. Ийм байхад ядарсан иргэдийнхээ яс махыг нь нэмж цайлгах хэрэг байсан юм уу. Иргэдийн эмийн хэрэглээ өндөр гэдэгтэй маргахгүй. Жороор олгох нь ч зөв. Тэдгээр нь мэдээж олон улсын зөвлөмж, жагсаалтын дагуу байх ёстой. Тэрнээс биш нийлмэл найрлагатай хүүхдийн аминдэмүүд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг, ханиадны сироп, өвчин намдаах эм, халуун бууруулах лаа, хросолыг хүртэл “журамлах” хэрэгтэй гэж үү. Олон улсын онгоцны буудлууд, супермаркетуудынх нь лангуунд өрөөтэй л байдаг эмүүд шүү дээ, хүнсний нэмэлтүүд. Үүнийг л иргэд хэт туйлширсан гэж шүүмжлээд буй юм.

Албаныхан арьсаа хамгаалсан нь

Иргэдийн бухимдал нийгмийн сүлжээнд эрчээ авахтай зэрэгцэн ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ынхан өнгөрсөн баасан гаргаас эхлэн удаа дараа мэдэгдэл, залруулга, уриалга гаргав. Ингэхдээ бүх бурууг өрхийн эмч, эмийн санч нар луу “чихчихсэн”. Өнгөрсөн хугацаанд эмийн хуулийн шинэчилсэн заалтуудыг иргэдэд таниулаагүй, огт сурталчлаагүй байж арьсаа хамгаалах болохоор ар араасаа “гуаглах” аж. Тухайлбал, ЭМЯ “Эм, эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн хуулийг 2024 оны аравдугаар сарын 1-нээс орон даяар хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор “Бүх эмийг жороор олгоно” гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд үүсжээ. Манай улс 1998 оноос эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалттай болсон. Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн нийт 4110 эмээс өдгөө 2800 гаруйг нь жороор, 100 орчмыг нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай. Харин 1100 гаруй эмийг жоргүйгээр эмийн сангуудаар хэвийн олгож байгаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гаргаагүй. Хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичгээр эмийн сангаас олгохыг анхааруулж байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл ЭЭХХЗГ-ынхан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмийг хүртээмжтэй хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх үндсэн зорилготой. Эмийг жороор олгох заалтыг Эмийн тухай хуулийг баталснаас хойш 26 жил мөрдөж байна. Тиймээс эмч нар эмийн жорыг хууль, стандартын дагуу бичиж, эм зүйч, эм найруулагч нар эмийг шаардлага, нөхцөлийн дагуу жороор болон жоргүйгээр олгох, иргэд эмийг зөв зохистой хэрэглэхийг уриалж байна” гэв. Мөн тус газраас “Бүртгэлтэй эмүүдээс 1154-ийг нь жоргүй олгож байгаа. Үүний дотор өвчин намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг эмүүд багтсан. Энгийн эмийн жор нь эмчийн тамгаар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор нь ерөнхий эмчийн гарын үсэг, тэмдгээр давхар баталжаажина. Энгийн эмийн жорд антибиотик багтаж буй. Зарим эмийн санч “Шинэ хуулийн дагуу бүх эмийг жороор олгоно” гэсэн ташаа мэдээллийг иргэдэд өгч байна” гэсэн юм.

Ам, ажил нь алд, дэлэм зөрөв

Эмийн санч нар албаныхны дээрх тайлбаруудыг үгүйсгэсэн. Хуулийг мөрдөхтэй холбоотойгоор эмийн сангуудад эм худалдахад тавих шаардлага, хориглох зүйлстэй уялдуулсан журам хүргүүлсэн юм билээ. Түүний дагуу л эмийн сангууд иргэдэд үйлчилж буйгаа хэлсэн. Гэтэл албаныхан хууль мөрдөхтэй холбоотой ямар ч журам гаргаагүй, жоргүй эмүүдийг хэвийн олгож байгаа гэж хээвнэг мэдэгдэх. Ам, ажил нь энэ мэт алд, дэлэм зөрж буйгаас нь болж өвдөж цуцсан иргэд дунд нь хохирч байгааг эм зүйч нар хэлсэн юм. Тэд “Гараа хаалганд хавчуулчихлаа, өвдөлт намдаах эм өгөөч гээд орж ирсэн хүнийг гэмтлийн эмнэлэг яв гээд буцааж байна. Хөнгөн ханиад хэмээгээд эм бичиж өгөөгүй иргэнийг өвчнөө хүндрүүлээд дахиад эмчдээ ханд гэж хэллээ. Жоргүй олгох заалттай эмүүдийнх нь ихэнх нь эм ханган нийлүүлэх байгууллагуудад алга. Эмийн санч нарыг л иргэдэд үйлчлэхгүй байгаа мэтээр олон нийтэд буруу мэдээлэл өгч буй хүмүүс нь харин ч ЭМЯ, ЭЭХХЗГ шүү дээ. Жоргүй олгодог байсан хөнгөн хэлбэрийн олон эмийг жортой болгочихсон нь ч үнэн. Иргэдийг бухимдаад эхлэнгүүт жоргүй олгодог эмийн жагсаалтын хүснэгтэд баахан эм давхардуулж оруулчхаад нөгөөхийгөө хэвийн гэж итгүүлж байна. Тоог нь олон болгож харагдуулах гэж тэр. Эм зүйч нар юу ч мэддэггүй хүмүүс биш. Дөрвөн жил номыг нь сурсан юм хойно ажлаа мэдэлгүй дээ. Эрүү саруул хүн эм авах гээд эмийн санд орж ирэхгүй нь тодорхой” гэж ярив.

Ижил найрлагатай эмийг үйлдвэрлэгчээр нь ангилж, “гадуурхжээ”

Улсын бүртгэлд бүртгэсэн жортой, жоргүй олгох эмийн дэлгэрэнгүй мэдээллийг www.druginfo.mohs.mn цахим хуудаснаас харах боломжтой аж. Уг эмүүд нь эмийн бүртгэлээс хамаарч өөрчлөгддөг гэнэ. Жишээ нь, бүх төрлийн өвчин намдаах эмийг шинэ хуулийн дагуу жороор олгодог болсныг дээр дурдсан. Гэтэл энэхүү цахим хуудсанд иргэдийн өргөн хэрэглэдэг ибупрофен эмийг гэхэд л үйлдвэрлэгч улсаас нь хамаарч нэгийг нь жороор, нөгөөг нь жоргүй олгохоор журамласан байгаа юм. Тус эмийг манайх 12 улсаас оруулж ирдэг бөгөөд БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ, Бангладеш, Хойд Македоныхыг жоргүй олгоно гэжээ. “Стандарт хангасан эмийг нь жороор, хуурамчийг нь жоргүй олгоно гэсэн үг үү” гэж иргэд эм зүйч нараас шалгаасаар буй гэнэ. Гэвч эмийн санч нар өөрсдөө ч үүний учрыг ойлгохгүй байгаагаа учирласан. Нэг талаар энэ нь шударга өрсөлдөөнийг боогдуулж буй хэлбэр гэдгийг ч тодотгоно лээ. Энэ мэт булхайтай, “но”-той дүрэм журам шинэ хуулийг дагалдуулан гаргажээ.

Эмнэлгийнхэн нь ачааллаа дийлдэггүй улсад жор бичүүлэх гэдэг шинэ төрлийн дараалал ийнхүү үүсэж эхлэв. Мэдээж иргэдийн хэлснээр эмч нар шууд өвчин намдаах эм бичиж өгөхгүй. Ийм, тийм шинжилгээ хийлгэ гэнэ. Тэр хэрээр шат шатны эмнэлгүүдийн ачаалал дийлдэхээ болино. Даралт нь ихэсдэг хүн бол эдгээр үйл явцыг давахгүй, цус харваад үхчих юм билээ. Шөнөөр өвдвөл түргэн дуудахаас өөр сонголтгүй. Толгойны эм бичүүлэхээр түргэн дуудах хооронд нөгөө талд амь нь тэнссэн хүн яах болж байна. Нөхцөл байдал ийм байдалтай үргэлжилбэл өрхийн эмч нар тун удахгүй жор бичдэг “машин” л болж хувирна, харамсалтай.

 

https://www.unuudur.mn/a/271704

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>