ЖОРГҮЙ ЭМИЙН ЗОЛИОС БОЛСООР БАЙХ УУ

72

ЖОРГҮЙ ЭМИЙН ЗОЛИОС БОЛСООР БАЙХ УУ

 

Манай улсын эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын хүрэлцээний асуудал цаг тутамд хөндөгддөг. Үүнээс үүдэн иргэд эмнэлгийн байгууллагад хандахаас урьтаж, аль нэг цахим группээс зөвлөгөө авч, дур зоргоороо эм бэлдмэл хэрэглэх тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

 "Жор мэддэггүй эмчээс зовлон үзсэн эмгэн дээр” гэх үг бодит амьдрал дээр биеллээ олж байгаа дүр зурагтай цахим орчинд хаа саагүй таарна. Эцэст нь иргэд цахим орчноос авсан зөвлөгөөгөө даган өөрт аль ойр байгаа эмийн сангаас ямар нэг жоргүйгээр эм бэлдмэл авч хэрэглэдэг.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-т Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна гэх заалт бий. Гэхдээ иргэдийн хувьд энэ мэдээллээс илүү амнаас ам дамжигдсан эмийн жоронд илүү итгэнэ. Эмийн сангууд ч жорын дагуу эм олгох тухай асуудалд ер анхаардаггүй.

Уг нь "Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011-ийн 5.2-т мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн эм зүйч эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг гардан удирдаж, эрхлэгчийн үүргийг гүйцэтгэх тухай заалт бий. Гэтэл захын найман нэрийн дэлгүүрийн худалдагч дэлгүүртэйгээ зэрэгцээ байрлах эмийн санг давхар ажиллуулж, иргэдэд эм олгож байх жишээний. Мэдээж тэдэнтэй жорын дагуу олгох хууль журмын тухай ярилтгүй. Эмийн сангийн ажиллах стандартын дагуу эмийн санд эрхлэгч буюу эм зүйч, эм найруулагч, жор баригч ажиллах ёстой байдаг байна. Гэвч энэ бол бодит амьдрал дээр биеллээ олдоггүй. Иргэд ч өөрт аль ойрхон байгаа эмийн санг сонгон дур зоргоороо эм авч хэрэглэсээр байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-т Эмийн сангийн үйл ажиллагаанд жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгохыг хориглоно гэх заалт байдаг. Гэсэн ч өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг ашиглан эмийн сангийн үйл ажиллагаа явуулсан, шаардлага хангаагүй эм зүйчийг эрхлэгчээр ажиллуулсан зэрэг нийтлэг зөрчлүүд газар авчихаад байна.

Судалгаагаар манай улс хүн амд зайлшгүй шаардлагатай эм болон эмэн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байдаг орнуудыг ДЭМБ-аас судалж, жагсаахад манай улс эхний 10-т багтсан байна. Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуу ихэссэнээс эмийн эрэлт нэмэгдэж, үнэ нь өсдөгийг хэлэх иргэд цөөнгүй. Гэсэн ч үүнд тавьдаг хяналт гэж байхгүй. Бараг л эмийн эрэлтээс шалтгаалж эмийн сан ч үнээ тогтоодог болов уу гэх дүр зураг хаагүй. Эцэст нь энэ бүх замбараагүй дүрэм журмаа мөрддөггүй, зохицуулалтгүй байдлын золиос нь иргэд болж байна. Иргэд эмийг зөв зохистой хэрэглэж төлөвшөөгүй, эм, эрүүл мэндийн талаарх мэдлэг хомсоос байгаагаас үүдэн гарах хор уршигийн золиос болсоор байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.