УБИС-ийн захирлын машиныг албадан хураалаа

3003
УБИС-ийн захирлын машиныг албадан хураалааМонгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирал Д.Мөнхжаргал нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оюутны сургалтын төлбөрөөс 172 сая төгрөгөөр 2013 онд үйлдвэрлэсэн L570 маркийн машин худалдан авсан байна. Сургуулийн захирал том оврын машин унах эрхгүйн дээр зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015.01.23-ны өдөр Төрийн өмчийн хороонд үүрэг болгосон Засгийн газрын 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгаа юм.

Эрх бүхий байгууллагын хүргүүлсэн шийдвэрийг биелүүлэхгүй, төрийн байгууллага дуудахад биечлэн ирэхгүй 2 сар болсон тул өнгөрсөн баасан гарагт Төрийн өмчийн хорооноос Замын цагдаагийн газарт мэдэгдсэний үндсэн дээр 9551 УБА улсын дугаартай тус автомашиныг албадан хураан авчээ.

Төрийн өмчийн хороо, Замын цагдаагийн газрын мэргэжилтнүүд ажлаа гүйцэтгэх явцад захирал Д.Мөнхжаргал өөрөө байгаагүй төдийгүй удирдлага доорхи ажилтнууд нь сургуулийнхаа гражийн үүдэнд машинуудаа байрлуулчихаад зам чөлөөлж өгөхгүй байх, машиныг гаргахгүй, өгөхгүй зэргээр үйл ажиллагаанд саад учруулсан байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлагыг үүрэг болгоод байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төрийн байгууллагуудаас 57 автомашиныг хураан аваад байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>