Дэлхийн номын өдөрт: Америкчууд жилд 230 сая ном уншдаг
Зураг дээр дарж үзнэ үү.
Испаний Каталониа хотын ард иргэд 1436 оноос хойш хайртай, хүндэлдэг хүмүүстээ сарнай бэлэглэдэг Сарнайн өдөр хэмээх баярыг тэмдэглэсээр иржээ. 1926 оноос хойш Сарнайн өдрөөр хүмүүс бие биедээ ганц сарнай биш ном бэлэглэдэг сайхан уламжлал тогтжээ.
Энэ уламжлалаас санаа авч ЮНЕСКО 1995
онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн
эрхийн өдөр болгон зарлажээ. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг
өдөр нь алдарт зохиолч М. Сервантес, У. Шекспир нарын нас барсан өдөр
бөгөөд Оросын алдарт зохиолч В. Набаков болон бусад олон алдар цуутай
зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр нь юм байна.
Энэ өдөр Испани улсад зохиолч М. Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог байна.
Америкчууд жилдээ 230 сая орчим ном уншдаг
2014 оны нэгдүгээр сарын байдлаар 18-аас дээш насны америкчуудын 76 хувь нь доор хаяж нэг номыг сүүлийн жилд уншсан гэнэ. Арван хүн тутмын долоо нь /69 хувь/ сүүлийн 12 сард шинээр хэвлэгдсэн ном уншжээ. Мөн насанд хүрэгчдийн 28 хувь нь онлайн ном уншиж, 14 хувь нь аудио ном сонссон байна. Энэ үзүүлэлтээс багцаалбал Америкт жилдээ 230 сая орчим ном уншигдсан буюу борлогдсон болох нь. Өдөрт 630 000 орчим ном. Энэ нь сурах бичиг болон бусад мэргэжлийн ном ороогүй тоо. Америкчуудын энэхүү уншилтын түвшин нь хөгжингүй гэгддэг орнуудын дундаа тийм ч өндөрт тооцогддоггүй нэлээд хойгуур ордог аж. Харин бид хэр их ном уншдаг вэ. Монголчуудын насанд хүрсэн 10 хүн тутмын 7 нь жилдээ ядаж нэг ном уншдаг уу?