УИХ –ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Эх үрсийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Хүүхдийн аз жаргал, ирээдүйн сайн сайхны
төлөө хүч хөдөлмөр, мэдлэг, оюунаа зориулж ирсэн үе үеийн ахмадууд,
алдар гавьяатнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, бүх хүүхдүүд, нийт ард
иргэддээ Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90
жилийн ойн болон Эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж
тэргүүтэй сэхээтэн залуусын санаачилгаар "Хойчийг залгамжлагч багачуудын
холбоо” нэртэй анх үүсэн байгуулагдсан Монголын Хүүхдийн Байгууллага
өсвөрийн үеийн үзэл бодол, хүсэл тэмүүлэл, алдар нэр, авьяас билэгийн
дуу хоолой, нүүр царай болж 90 жилийн бахархам түүхийг бүтээсэн билээ.
Улаан бүчээрээ гоёж, бүрээ бөмбөрийн дуунаар зэрэгцэн алхаж, бүхий олон
багачуудаа дуулж явсан хүүхэд насны баяр, баясгалан олон хүний сэтгэлд
аз жаргалтай сайхан дурсамжийг үлдээсэн биз ээ.
Өнөөдөр 90 настай ахмад буурлууд, идэр насны миний үе тэнгийнхэн бага
насаа бахархан дурсаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Ардын Нам
хүүхэд, залуучуудын байгууллагыг бидний залгамж халаа, эх орны ирээдүй
гэж үзэж, улс орноо хөгжүүлэх өв тэгш иргэн болгон төлөвшүүлэхэд,
уламжлал, шинэчлэлийг хадгалан удирдан чиглүүлж ирсэн баялаг түүхтэй.
Бид өнөөдөр 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ ирээдүйн 90
жилийн тухай төсөөлөн бодох учиртай. Ялангуяа хүүхэд хамгаалалын
тогтолцоо, үйлчилгээний асуудлыг иж бүрнээр нь авч үзэж, эрх зүйн орчинг
боловсронгуй болгон хөгжүүлэх асуудал манай намын бодлогын байнгын
анхааралд байх болно.
Хүүхдийн хүмүүжил төлөвшил, боловсрол, эрүүл мэнд гэр бүлийн анхаарлын
төвд байхаас гадна хэнтэй ч хуваалцахгүй,хэмжих боломжгүй хайр энэрэл,
баяр баясгалан, аз жаргалыг хүүхэд эцэг эхээсээ өдөр бүхэн хүртэх
учиртай. Гэр бүл нь хүүхдүүдийн амьдрах, өсөж хөгжих,сурч боловсрох
хамгийн таатай орчин байх ёстой. Гэтэл зарим нь гэр бүлийн хүчирхийлэл,
эцэг эхийн хараа хяналтгүйгээс элдэв осолд өртөж, хайр энхрийллийн гадна
хаягдаж байгаа нь хүүхдийн буруу гэж үү.
Эцэг эх байна гэдэг нь нэр төр, нийгмийн хариуцлага, хүнлэг энэрэнгүйн
ухаан, хүмүүжил, ёс зүй, зан харилцааны бишрэн хүндэтгэх үлгэр дуурайлал
билээ.
Эх орны ирээдүйн шинэ үе баялагт биш, мэдлэгт шүтэж амьдрах нь
эргэлзээгүй бөгөөд оюунлаг, ухаалаг,хүмүүнлэг, энэрэнгүй иргэдийг
одооноос бэлтгэхгүй бол оройтох болно.
Эх үрсийн баяр, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг үр
хүүхэдтэйгээ ярилцах, тэднийг сонсох, ойлгох, гэр бүлийн амьдрах орчин,
сурч хүмүүжих нөхцөл нь хүүхдэд хир тааламжтай байгаад анхаарал тавих
өдөр гэж хандах нь зүйтэй юм.
Цэцэг шиг хөөрхөн хүүхдүүддээ, сэтгэлийн сүү ээжүүддээ дахин баяр
хүргэж, Хүүхэд бүхэн баяр хөөртэй, Хүн бүхэн аз жаргалтай, Ээж бүхэн
элэг бүтэн, Гэр бүлээрээ гэгээлэг, энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг
өргөн дэвшүүлье.
Монголын үрс маш олон болтугай.
УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД