“Монгол хүү” кино одоо ч хориотой хэвээр байгаа

671
97a65a8c9c777f40e45a60ba596af4c9

"Монгол хүү” кино Монголын анхны кино мөн эсэх дээр судлаачид их маргадаг. Гэхдээ 1935 онд Архангай аймгийн нутагт зургийг нь авч, монгол жүжигчид тоглосон нь хөдөлбөргүй баримт.  Америкийн кино академи дэлхийн шилдэг кинонуудыг 1936 онд Нью-Йорк хотноо шалгаруулахад гадаадын шилдэг 10 киноны нэг болсон нь ч бас хөдөлбөргүй үнэн. Харамсалтай нь 1938 оны 12 дугаар сарын 24-нөөс эхлэн БНМАУ-ын уран сайхны хүрээлэнгээс "Монгол хүү” киног олон нийтэд үзүүлэхийг бүрмөсөн хориглосон байдаг. Үндэслэл нь Архангай аймгийн хувьсгалын эсэргүү лам нарыг олноор харуулсан, гол баатар улсын хилээр  зөвшөөрөлгүй сэлгүүцэж гарч байгаа, гадаадад оргон гарсан Цэвээн буцаж ирээд Засгийн газарт хууль бусаар авирлаж байна гэх зэрэг шалтгаан. Гэхдээ уг киног нийтэд үзүүлэхийг бүрмөсөн хорьсон болохоос устгах үүрэг өгөөгүй, харин ч "Энэхүү киног хойшдын түүхэнд үлдээн хоцроохоор бэлтгэж тус үйлдвэрийн газар ариг гамтайгаар хадгалваас зохино” гэж тушаасан нь тэр үеийн шийдвэр гаргагчид урлаг соёлын бүтээлд холч хараатай хандаж байсны илрэл гэлтэй. 1938 оны энэ тушаалыг дараа нь хэн ч цуцлаагүй болохоор "Монгол хүү” кино яалтгүй Монголын анхны хориотой кино хэвээр 78 дахь жилээ үзэж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад Шороотын Цэвээн энэ кинон дээр нэгэн том биетэй бөхийг унагаж гардаг. Тэр бөх нь Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын арслан Лундаа гэгдэгч Лундаажанцан бөгөөд кино зураг авах үеэр  "Монгол бөхөд бууж өгдөг ёс байхгүй. Яс барилдаад намайг хаявал хая” гээд хичнээн хөлс амлаад хөдлөөгүй гэдэг. Найруулагч аргаа бараад "Та ганцхан удаа л үнэмшилтэйгээр унаад өгчих” гэж аргадах, айлгахыг хослуулж байж зургийг нь авчээ. Кино гарсны дараа Лундаа арслан "Надад ганцхан удаа унана гэж хэлсэн. Гэтэл кино гарах болгонд унаад байна.Энэ хэсгээ хас. Хөлс мөнгөө буцааж ав” гэж гомдол мэдүүлж байжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>