"Peabody energy”-гийн алдагдал шинжээчдийн таамаглаж байснаас ч их гарчээ. Нүүрсний салбарын хүнд үеийг даван туулахын тулд тус компани үйлдвэрлэлээ бууруулж, ажилчдаа цомхтгож, зардлаа танаж байгаа юм. 130 жилийн түүхтэй, дэлхийн нүүрсний зах зээл дэх хамгийн том хувийн компани болох "Peabody energy”-гийн хувьцааны ханш сүүлийн нэг жилд 93 хувиар навс унажээ. Нүүрсний эрэлт буурч, үнэ хямдарсаар байгаа энэ цагт хэрхэн тэсэж үлдэх вэ гэдэг монголчуудын битгий хэл "Peabody energy”-гийн "шүдний өвчин” болж байна. Салбарын олон том тоглогч ар араасаа дампуурах болсон нь бүр ч аймшигтай. Зөвхөн энэ сард л гэхэд АНУ-ын "Walter Energy” үүд хаалгаа барьсан бол металлургийн нүүрсний топ компани болох "Alpha Natural Resourves”-ын хувьцааг Нью-Йоркийн хөрөнгийн бирж арилжаанаасаа хасаад буй. Тэгвэл Хонконгийн хөрөнгийн бирж дэх "Mongolian Mining Corporation” компанийн хувьцаа 2011 оны оргил үедээ долоон хонконг доллараас давж байсан бол өчигдөр ердөө 0.25 хонконг доллар байв. Ийнхүү нүүрсний компаниуд шалдаа бууж байхад салбар нь сэргэх найдлага даанч алга. Урд хөрш маань байгаль орчны бохирдолтой тэмцэж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих болсноос дулааны нүүрс үнэгүйдсэн. Тэгвэл тус улсын гангийн үйлдвэрлэл уналтад орсноор коксжих нүүрсний ханш ч навс унаад
байгаа юм. Ийнхүү монгол нүүрсний ганц хэрэглэгч тоглоомын дүрмээ шинэчилсэн учраас бид ч түүнд нь дасан зохицох шаардлагатай болов.
ХУУЧИН ДҮРЭМ: НҮҮРСЭЭ ЗАР
Хятадын эдийн засаг огцом өсөж, нүүрсний хэрэглээгээ өөрсдөө хангаж дийлэхээ байсан нь монголчуудад алтан боломж нээж өгч байв. 2008 оноос манай нүүрсний экспорт гэрлийн хурдаар нэмэгдсээр, 2011 онд 21 сая тонн буюу 2.2 тэрбум ам.долларт хүрсэн билээ. Экспортын 47 хувийг бүрдүүлсэн уг ашигт малтмалын ачаар ДНБ-ий өсөлт маань 17 хувиас давсан юм даг. Тэр үед монголчууд нүүрсээ уурхайн аман дээрээсээ зараад л ашиг олж байлаа.
Хялбар аргаар мөнгө олж суухдаа Хятадын хэрэглээ байнга нэмэгдэж, нүүрсний үнэ ч дандаа өндөр байх мэт сэтгэж байж дээ. Тиймээс ч нүүрсээ боловсруулах, түүнээс түлш, эрчим хүч, химийн бүтээгдэхүүн гаргах тал дээр огт анхаарсангүй. Харин яаж илүү их нүүрс олборлох вэ, яаж илүү ихийг хятадуудад зарах вэ гэдэгт л санаа зовж ирлээ. Харамсалтай нь, сайхан цаг удаан тогтоогүй юм.
2011 онд манай тонн нүүрсний экспортын үнэ 120 ам.долларт хүрч байсан бол одоо бараг гурав дахин буурчихаад байна. Гэтэл байдал өдрөөс өдөрт дордсоор. Монголбанкнаас гаргадаг гадаад худалдааны тоймоос үзэхэд, өнгөрсөн жил бид 19.5 сая тонн нүүрсээ 850 сая ам.доллараар экспортолсон. Тэгвэл энэ оны эхний хагаст 6.9 тонныг ердөө 309 сая ам.доллараар гаргажээ. Нэг тонн коксжих нүүрсээ ердөө 45 ам.доллараар үнэлсэн байгаа юм. Түүнийг ухаж гаргах, тээвэрлэх гээд өчнөөн ажил, зардал болж байгаа. Хайран биш гэж үү?
Гэтэл монголчууд австрали нүүрснээс хоёр дахин хямд үнээр түрүү барьж, Хятадын зах зээл дэх байр сууриа тэлж байгааг "Reuters”-ын тоймч Клайд Рассел нэг бус удаа бичсэн байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд урд хөршийн хилээр нэвтэрсэн монгол коксжих нүүрсний ханш тонн нь 46 ам.доллар байсныг тэрбээр онцлоод, Канадынх 110, Австралийнх 105, Оросынх 93 ам.долларт хүрсэнтэй харьцуулжээ. Хязадын коксжих нүүрсний
мпорт буурч, бусад улс ч нийлүүлэлтээ танаж байхад монголчууд эсрэгээрээ, өсгөж байгаа аж. Эдүгээ хятадуудад эрчим хүчний нүүрс бараг хэрэггүй болсон учраас Монголоос зөвхөн коксжих нүүрс экспортлох болжээ. Урд хөршийн коксжих нүүрсний импортын 50 хувийг австраличууд, 30 хувийг монголчууд бүрдүүлж, хоёрдугаарт жагсаж буй. Монголчууд ийнхүү хямд үнэ санал болгож байгаа нь хүнд байдалд орсон Хятадын ган хайлуулагчдыг баясгаж буйг Клайд Рассел тайлбарлаад, тиймээс хятадууд австрали нүүрснээс илүү монгол нүүрс импортлох хандлага үргэлжлэхийг ч онцолсон байна. Гэвч энэ нь бидний хувьд сайн мэдээ байж чадах уу?
ШИНЭ ДҮРЭМ: НҮҮРСЭЭ БОЛОВСРУУЛ
Урд хөршийн гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд ердөө 0.9 хувиар тэлсэн нь сүүлийн 33 жилийн доод үзүүлэлт байв. Үүнээс болж тус улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн жил 2013 оныхоос 17.3 хувиар буурч, 62.3 сая тонн болсон. Тэгвэл энэ жил бүр ч хэцүүдэж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд найм дахин томорч, дэлхийн нийт үйлдвэрлэлийн талыг эзлэх болсон Хятадын гангийн салбар эдүгээ уналтад ороод байгаа. Тэгэхээр коксжих нүүрсний хэрэглээ нь автоматаар буурах нь тодорхой. Хятадын коксжих нүүрсний импорт энэ жил 20 гаруй хувиар буурч, 50 сая тоннд ч хүрэхгүй байх магадлалтайг Клайд Рассел анхааруулжээ. Тэгвэл тус улсын нүүрсний импортыг бүхэлд нь авч үзвэл, энэ оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.5 хувиар багассан байна.
Урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч, үл хөдлөх хөрөнгийн салбар нь "царцсан” учраас гангийн үйлдвэрлэл мөд сэргэхгүйг шинжээчид сануулж буй. Дээрээс нь, тус улсын коксжих нүүрсний дотоодын үйлдвэрлэл эрчимжиж байгаагаас импорт нь улам хумигдах төлөвтэй. Өөрөөр хэлбэл, Хятадын хэрэглээ, импорт сэргэж, үнэ өснө гэж горьдоод ч хэрэггүй юм. Гэтэл манай нүүрсний компаниуд ашиг олох нь байтугай -өртгөө ч нөхөж дийлэхээ байсан хэмээн гомдоллоод эхэлсэн. Дэд бүтэц, ялангуяа төмөр зам байхгүйгээс манай нүүрсний өртөг өндөр, өрсөлдөх чадвар сул байгаа нь үнэн. Энэ нь том асуудал мөн ч гол нь биш болов уу. Хэрвээ бид нүүрсээ түүхийгээр нь бус, түлш, шатахуун, эрчим хүч үйлдвэрлээд зарж байсан бол өдийд ингэж хошуугаа дэвсэн суухгүйсэн.
Нүүрснээс 5000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэх тооцоо бий. Тэдгээрээс түлш, шатахуун, эрчим хүч, химийн бүтээгдэхүүнээ гаргаж авахад л Монгол Улс маш их мөнгө хэмнэж, экспортоо ч төрөлжүүлэх боломжтой. "Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх” зорилгод хүрэх ганц зам нь нүурс, химийн аж үйлдвэр юм шүү дээ. Учир нь, бид түлш, шатахуун болон химийн бүтээгдэхүүний хувьд 100 хувь импортоос хараат байгаа бол цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 гаруй хувийг Орос, Хятадаас худалдан авч байна. Нөгөө талаас, БНХАУ "шинэ хэвийн хэмнэл”-ийнхээ хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой өсөлтийг дэмжих бодлого баримтлах болсон. Тиймээс ч нүүрс биш, эрчим хүч импортлохыг илүүд үзээд эхэллээ. Манай ганц худалдан авагч ийнхүү тоглоомын дүрмээ шинэчилсэн учраас бид ч шинэ дүрмээр нь "тоглох” цаг иржээ. Нүүрсээ яаж зарах тухай биш, яаж боловсруулах тухай бодож, түүнээс түлш, эрчим хүч, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй өндөр үнээр экспортлох боломж байна. Одооноос үүнд л анхаарцгаая.
Д.Мөнхчимэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/